Соёл, урлаг, спортын салбарын нийт 6624 албан хаагчдын цалин хөлс 50 хувиар нэмэгджээ
Монгол Улсын 2027 оны төсөв эцэслэн батлагдлаа. Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2027 оны урсгал зардал 450.9 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалт 319.7 тэрбум төгрөг нийт 770.7 тэрбум төгрөгийн санхүүжилт төсөвт тусган батлагджээ.
Батлагдсан төсвийн хүрээнд:
-Соёл, урлаг, биеийн тамир, спортын салбарын төрийн үйлчилгээний /ТҮСБ/, төрийн үйлчилгээний мэргэжлийн /ТҮМ/, байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах /ТҮ/-н салбарын нийт 6624 албан хаагчдын цалин хөлс 50 хувиар нэмэгдэж, бусад салбарын жишигт хүрсэн. Салбарын нийт 485 байгууллагын 7180 албан хаагчдын цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл нь урсгал зардлын 75 хувь буюу 340.5 тэрбум төгрөг байна.
-Аялал жуулчлалын зургаан хувийн хүүтэй, зургаа хүртэл жилийн хугацаатай хөнгөлөлттэй олгосон зээлийн хүүгийн татаас, 2027 онд шинээр олгох зээлийн хүүгийн санхүүгийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгож, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхээр 300.0 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 32.6 тэрбум төгрөг олгоно.
-“Лос-Анжелес 2028” олимп, пара олимпын наадмын өмнөх олимпын эрхийн цуврал тэмцээнүүдэд Монгол Улсын баг тамирчид оролцуулж эрх авах, оноо цуглуулах, олимпод оролцох эрхийн тоог нэмэгдүүлэх, нийтийн биеийн тамир, спортын хүртээмжийг нэмэгдүүлэхэд 37.8 тэрбум төгрөг батлагдсан.
-Салбарын бүтээн байгуулалт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1,211.1 тэрбум төгрөгийн төсөв өртөгтэй 2027 онд шинээр 34 төсөл арга хэмжээ, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх 60 төсөл арга хэмжээнд 319.7 тэрбум төгрөг батлагдсан.
-Монгол Улсын 2027 оны жилийн хөгжлийн төлөвлөгөө, салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичигт туссан зорилго, зорилт, “Хүүхдийн төлөө за бол заавал хийе" үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийн хүрээнд Хүүхэлдэйн театрын барилга /Улаанбаатар/, Хүүхэд, залуучуудын спортын хөгжлийн бүсийн цогцолбор /Ховд, Жаргалант сум/, Хөгжимт жүжгийн театрын барилга /Булган, Булган сум/ төсөл арга хэмжээг шинээр эхлүүлнэ.
-Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн байгууламж, авто зогсоол бүхий отоглох цэг / Увс нуур, Хяргас нуур/, Хөвсгөл, Хэнтий, Өмнөговь аймгуудад аялал жуулчлалын бүтээн байгуулалтыг хийж, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ.
-Шилжин хэрэгжих 60 төсөл арга хэмжээнээс 2027 онд 44 төсөл арга хэмжээ бүрэн ашиглалтад орсноор соёл, урлаг, спортын үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.