🔴Б.Мөнхтамир: Олон улсын бирж дээр шатахууны үнэ дахин буурах төлөвтэй байна
Өнөө шөнийн 00:00 цагаас эхлэн АИ-92 бензиний үнэ литр тутамдаа 150 төгрөгөөр, Евро-92 шатахуун 1,000 төгрөгөөр тус тус буурахаар боллоо.
АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир:
-Манай улсад худалдаалагдаж буй Евро-92 төрлийн шатахууны нөөц, эх үүсвэрийг ОХУ, БНХАУ болон БНСУ-аас татан авч, гурван өөр төрлийн үнээр борлуулж байсан. Эдгээр шатахууны үнэ литр тутамдаа 1,000 төгрөгөөр хямдарч байна. Тухайлбал, 5,400 төгрөгөөр худалдаалагдаж байсан Евро-92 шатахууны үнэ 4,400 төгрөг, 4,960 төгрөгөөр зарагдаж байсан нь 3,960 төгрөг болж буурч байгаа.
Энэхүү үнийн шинэчлэл нь 11 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, шатахуун хэрэглэгчдийн хувьд АИ-92 болон Евро-92 шатахууны үнэ тодорхой түвшинд бууран очиж байна.
АНУ-ын сонгуулийн дараа олон улсын бирж дээр нефтийн бүтээгдэхүүний үнэ бага зэрэг буурах хандлагатай байгаа. Хэрэв дэлхийн зах зээл дээрх үнэ энэ төлөвөөрөө үргэлжлэн буурвал манай улсад ч үнэ зах зээлийн жамаараа хямдарч, дотоодын аж ахуйн нэгжүүд дагаад үнээ бууруулах таатай нөхцөл бүрдэнэ. Цаашид олон улсын бирж дээрх үнэ буурсан хэвээр байвал ирэх 12 дугаар сар болон ирэх оны нэг, хоёрдугаар сараас эхлэн шатахууны үнэ дахин буурах боломжтой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.