🔴С.Амарсайхан: Төрийн тэргүүн бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө ажлаа өгч байгаад харамсаж байна
УИХ-ын гишүүн С.Амарсайхан улс төрийн цаг үеийн нөхцөл байдал, төрийн тэргүүний чиг үүрэг, хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаа болон бусад тулгамдсан асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулж, байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Улс төрийн намуудын хагарал, талцал нь төрийн тогтворгүй байдлыг үүсгэж, улмаар төрийн тэргүүний суудал хүртэл яригдах хэмжээнд хүрлээ. Энэ асуудлыг би Шадар сайдын албаа өгч, Г.Занданшатарын Засгийн газраас гарахдаа л анхааруулж байсан. Харамсалтай нь өмнө нь анхааруулж байсан нөхцөл байдал өнөөдөр бодит болж байна.
Монгол Улсын Үндсэн хууль болон Ерөнхийлөгчийн тухай хуульд зааснаар Төрийн тэргүүн албан тушаалаасаа чөлөөлөгдсөн тохиолдолд дараагийн Ерөнхийлөгч сонгогдож, тангараг өргөх хүртэл УИХ-ын дарга үүргийг нь гүйцэтгэх зохицуулалттай.
Хууль бус үйл ажиллагаа, цэрэг, хууль сахиулах байгууллагын доторх ялзралыг цэгцлэхгүйгээр сонгууль ярих нь үр дүнгүй. Хэрэв үүнийг шийдэхгүй бол сонгуулийг ч хуулийн хүрээнд, ард түмний итгэл хүлээх түвшинд зохион байгуулж чадахгүйд хүрэх эрсдэлтэй.
Өнөөдөр хар тамхины асуудал 100 мянгаар тоологдох түвшинд хүрсэн. Хуулийн нэр барьсан, албан тушаалаар халхавчилсан цөөн тооны дээд удирдах албан тушаалтнуудаас болж, доод шатны мянга мянган алба хаагчид ажлаа хийх итгэл үнэмшилгүй болж байна. Би Хууль зүйн сайдаар ажиллах богино хугацаандаа эдгээр асуудлыг нэлээд гүнзгий судалсан тул ярьж буй бүхэн тооцоо судалгаатай, баримт нотолгоотой.
Удахгүй Хууль зүйн байнгын хорооноос товыг нь зарлах сонсгол зохион байгуулагдана. Мөн Тусгай хяналтын дэд хороон дээр эдгээр асуудал шалгагдаж нягтлагдана. Тухайлбал, Монгол Улсын хилээр орж, гарсан гадаадын иргэдийн бүртгэл, тээврийн хэрэгсэл, ачаа тээврийн бүртгэл устсан, тодорхойгүй шалтгаанаар дарагдсан зэрэг улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудлууд бий. Сонсголын үеэр илүү бодитой, тодорхой баримт нотолгоог дэлгэх болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.