Ормузын хоолойд хий тээвэрлэгч хөлөг онгоц халдлагад өртөж нэг далайчин сураггүй болжээ
Ормузын хоолойгоор дамжин өнгөрч явсан Панамын далбаатай, шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэгч "Tara Gas" хөлөг онгоц пуужингийн цохилтод өртөж, хөлгийн багийн нэг далайчин сураггүй боллоо. Оманы Хасаб хотын эргээс умард зүгт 7-8 далайн милийн зайд гарсан уг халдлагын улмаас хөлөг онгоцонд түймэр дэгдэж, 25 гишүүнтэй багийн бүрэлдэхүүн хөлгөө орхихоос өөр аргагүй байдалд хүрсэн байна.
Их Британийн Далайн худалдааны ажиллагааны газар болон далайн аюулгүй байдлын "Ambrey" компанийн мэдээлснээр уг хөлөг онгоц 12 цагийн зайтай хоёр ч удаагийн цохилтод өртжээ. Эхний цохилт 11 дүгээр сарын 16-ны 19:30 цагийн орчимд болж, хөдөлгүүрийн өрөөнд гал гарснаар хөлөг онгоц жолоодлогогүй болсон байна. Үүний дараа 11 дүгээр сарын 17-ны өглөө 07:00 цагийн үед хоёр дахь цохилт болж, галын цар хүрээ улам даамжирсан тул багийн гишүүд аврах завь ашиглан хөлгийг бүрэн орхижээ.
Хөлгийн багийн 25 гишүүнээс 24 хүнийг аюулгүй аварчээ. Сураггүй алга болсон нэг далайчныг эрэн хайх ажиллагааг бүс нутгийн аврах алба болон хөлгийн удирдлагын баг хамтран үргэлжлүүлж байна.
Нөгөө талд Ираны төрийн мэдээллийн хэрэгслүүд болон Лалын хувьсгалт гварди тус усан замаар зөвшөөрөлгүй чиглэлээр явсан хөлгүүд минад өртсөн эсвэл гал гарсан гэх байр суурийг илэрхийлжээ. Стратегийн ач холбогдолтой Ормузын хоолойд гарсан энэхүү явдал нь олон улсын тэнгисийн ачаа тээврийн аюулгүй байдалд эрсдэл учруулж байна.
Эх сурвалж:
• kfgo.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.