Жирэмсэн эмэгтэй, дөрвөн настай охины амийг хөнөөсөн М.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр болно
Жирэмсэн эмэгтэй болон түүний дөрвөн настай охины амийг хөнөөж, гурван настай охиныг хүнд гэмтээсэн хэрэгт бүх насаар хорих ял шийтгүүлсэн М.Батчулууны давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу 2026 оны аравдугаар сарын 20-нд товлогджээ.
Хэрэг 2026 оны нэгдүгээр сарын 4-нд нийслэлийн Баянзүрх дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр, Бага Дарь-Эхийн орчимд гарсан. Тухайн үед 32 настай, жирэмсэн эмэгтэй болон түүний дөрвөн настай охины амь насыг хохироосон. Мөн хэргийн үеэр гурван настай охины цээжин тус газарт хутгалж, зүрх, уушгийг нь хүнд гэмтээсэн бөгөөд бугуй хэсгийг нь хэд хэдэн удаа зүссэн гэх мэдээлэл байдаг.
Уг хэрэгт хохирогчдын хөрш, 48 настай М.Батчулууныг холбогдуулан шалгаж, шүүхээс түүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчид биеэ хамгаалах чадваргүйг болон хохирогчийн жирэмсэн байсныг мэдсээр байж хүний амь насыг хөнөөсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон бүх насаар нь хорих ял оноосон байна.
М.Батчулуун нь F20 буюу шизофрени оноштой гэх мэдээлэл бий. Тэрбээр 2020 онд гудамжинд явж байсан хүнийг хутгалж амийг нь хөнөөсөн хэргээр Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд албадан эмчлүүлж байжээ. Улмаар эмч нарын дүгнэлтийг үндэслэн 2024 онд эмнэлгээс гаргасан байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан хэлэлцэнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.