Б.Түвшин: Оюутолгойн ногдол ашгийг баялгийн санд нь байлгах нь зүйтэй
УИХ-ын гишүүн, АН-ын дарга Б.Түвшин 2025 оны төсвийн төсөл болон “Оюу толгой”-н ногдол ашигтай холбоотойгоор намын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн, АН-ын дарга Б.Түвшин:
-Бүлгийн өчигдрийн хуралдааны ирц 50 орчим хувьтай байлаа. Гадаад томилолттой 7-8, ар гэрийн шалтгаантай 1-2, өвчтэй гурван гишүүн байсан учир ирц дутуу. Гэсэн ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь төсөвтэй холбоотой дөрвөн үндсэн асуудал дээр байр сууриа илэрхийлж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Оюутолгойн ногдол ашиг болох гурван их наяд төгрөг нь ногдол ашиг мөн үү, эсвэл ямар нэгэн өр үү гэдгийг тодруулах шаардлагатай. Хуулиараа энэ мөнгө Үндэсний баялгийн санд хуримтлагдах учиртай. Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, нэг их наядыг нь сандаа үлдээж, хоёр их наядыг нь төсөвт төвлөрүүлэн зарцуулах санал гаргаад байгаа. Харин АН-ын бүлгийн хуралд оролцсон гишүүдийн олонх нь хуулийг одоохондоо өөрчлөх шаардлагагүй, мөнгийг баялгийн санд нь байлгах нь зүйтэй гэж үзсэн. Харин зарцуулалтын тухайд гишүүд өөр өөр байр суурьтай байна. Тухайлбал:
- Тэргүүн дэд дарга Л.Гантөмөр тэргүүтэй гишүүд гурван их наяд төгрөгийг иргэддээ шууд хуваарилах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тэтгэврийн зөрүүг арилгахад зарцуулах санал гаргасан.
- УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Ц.Цогтгэрэл нар эрчим хүч гэх мэт томоохон төсөл болгох эсвэл “Оюу толгой”-н төрийн эзэмшлийн 34 хувийг иргэддээ буцаан эзэмшүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.
- Миний хувьд, Монгол Улсын эдийн засаг өсөх, буурах аливаа үед хамгийн түрүүнд тэтгэврийн асуудал хөндөгддөг. Одоогоор бие даасан бодит тэтгэврийн сан байхгүй, ажиллаж буй иргэдийн шимтгэл болон улсын төсвийн татаасаар тэтгэвэр олгож байна. Тиймээс энэхүү тэтгэврийн санг мөнгөжүүлэн, төсвөөс хараат бус болгох горимын санал гаргасан” гэлээ.
Саяхан төсвийн тодотголоор Төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчилсөн атал дахин өөрчлөхөөр оруулж байгааг буруу гэж үзэж байна. Төсвийн хүрээний мэдэгдэлдээ багтаан орлого, зарлагаа нийцүүлэх ёстой бөгөөд энэ хуулийг байнга өөрчлөөд байх шаардлагагүй.
Төсвийн орлого, зарлагын өсөлтийг хязгаарлах, ялангуяа Засгийн газрын өрийг тогтоосон хэмжээнд барих зайлшгүй шаардлага үүсээд байна. Эдийн засгийн хэлбэлзэлтэй энэ үед хэт их өр тавих нь эрсдэлтэй. Иймд улсын төсвийг алдагдалгүй батлах, өрийг нэмэгдүүлэхгүй байх нь зүйтэй.
Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг аймаг, сумын иргэд өөрсдөө саналаараа шийддэг байсан зохицуулалтын 50 хувийг дээрээс чиглүүлж, Засгийн газрын бодлогоор шууд шийдвэрлэдэг болох санал орж ирсэн байна. Энэ тухайд бүлгийн гишүүдийн нэг хэсэг нь иргэд 100 хувь өөрсдөө шийдвэрлэх эрхтэй байх ёстой гэж үзэж байгаа бол зарим нь тодорхой хэсгийг бодлогоор чиглүүлэх нь зөв гэсэн байр суурь илэрхийлж, эцэслэн нэгдээгүй байгаа.
Энэ долоо хоногт 2026 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлэг эхлэх тул бүлгийн гишүүд өнөөдөр дахин хуралдаж, төсөв болон “Оюу толгой”-н асуудлаарх намын эцсийн нэгдсэн байр суурийг олон нийтэд танилцуулахаар бэлтгэж байгаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.