Дуучин Крис Браунд Лондоны шүүхээс тэнсэн харгалзах ял оноов
Америкийн алдартай R&B дуучин Крис Браунд Лондон хотын шүүхээс шөнийн клубт олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, хүчирхийлэл үйлдсэн хэрэгт нь нэг жилийн хугацаатай тэнсэн харгалзах, найман сарын хорих ял оноожээ.
Саутваркийн эрүүгийн хэргийн шүүхэд болсон сонсголын үеэр 37 настай дуучныг хэрвээ дараагийн 12 сарын хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэхгүй бол бодитоор шоронд хорихгүй байхаар шийдвэрлэж, шүүхийн зардалд 1500 фунт стерлинг төлүүлэх шийтгэл ногдуулсан байна.
Шүүхээр хэлэлцсэн хэрэг явдал 2023 оны хоёрдугаар сарын 19-ний шөнийн 03:00 цагийн орчимд Лондон хотын төвийн Мэйфэйр дүүрэгт байрлах "Tape" нэртэй хувийн клубт болжээ.
Их Британид хийж байсан аялан тоглолтынхоо үеэр Крис Браун өөрийн хуучин найз, хөгжмийн продюсер Абрахам Диав руу бүжгийн талбай дээр дайрч довтолсон байна. Хяналтын камерын бичлэгээс үзэхэд дуучин текила архины хүнд, дөрвөлжин шилээр хохирогчийн толгой руу хоёр удаа, мөр рүү нь нэг удаа нийт дөрвөн удаа цохисон нь тогтоогджээ. Зодооны үеэр Брауны хамсаатан, 40 настай дууны багш Омололу Акинлолу хохирогчийг тэврэн авч газарт унагасан бөгөөд улмаар 20 секундийн турш зодоон үргэлжилсэн байна. Шүүхээс Акинлолуд нэг жилийн хугацаатай тэнсэн харгалзах дөрвөн сарын ял, 1500 фунтын зардал төлөх шийтгэл ногдуулжээ.
Крис Браун өнгөрсөн долдугаар сард олон нийтийн газар зодоон хийж, нийгмийн хэв журам зөрчсөн гэм буруугаа сайн дураараа хүлээсэн юм. Үүний үр дүнд прокурорын зүгээс биед санаатайгаар хүнд гэмтэл учруулахыг завдсан, эрүүл мэндэд хохирол учруулсан болон зэвсгийн чанартай зүйл авч явсан гэх хүндрүүлэх зүйл ангиудыг хэрэгсэхгүй болгожээ.
Хэргийг шийдвэрлэсэн шүүгч Тони Баумгартнер уг явдлыг олон нийтийн газар гарсан ноцтой, аюултай хүчирхийлэл хэмээн тодорхойлсон байна. Тэрээр худалдаа наймаа, урлагийн салбарт олсон амжилт нь шүүхийн өмнө хөнгөлөлт эдлэх шалтгаан болохгүйг сануулжээ. Гэсэн хэдий ч дуучин гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин сэтгэлээсээ харамсаж буйгаа илэрхийлсэн, тогтвортой ажил эрхэлж, буяны үйлсэд тусалж ирсэн төдийгүй сүүлийн жилүүдэд хууль зөрчөөгүй байдлыг нь харгалзан түүнийг хорих ялаас чөлөөлсөн байна.
Алдарт дуучныг 2025 оны тавдугаар сард Манчестер хотын нисэх буудалд газардах үед нь Их Британийн цагдаа нар баривчилсан боловч тэрээр таван сая фунт стерлингийн барьцаа төлснөөр аялан тоглолтоо үргэлжлүүлсэн түүхтэй. Түүнчлэн хохирогч Диав өмнө нь Крис Браунаас 16 сая ам.доллар нэхэмжлэн иргэний шүүхэд хандаж байсан боловч уг гомдлоо 2025 оны зургаадугаар сард бүрмөсөн буцаан татжээ. Шүүх хурал өндөрлөсний дараа Крис Браун шүүгчид талархал илэрхийлж, шүүхийн байрнаас гарахад гадаа цугласан хөгжөөн дэмжигчид нь түүнийг уухайлан угтан авсан байна.
Эх сурвалж:
•
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.