Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулна

Нийслэлийн хөрс, усны бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулна

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Улаанбаатар хотын хөрс, усны бохирдлын өнөөгийн төлөв байдал болон нөөцийг хамгаалах, зохистой ашиглах талаар хэрэгжүүлж буй ажил, арга хэмжээний үр дүнтэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр /2026.10.26/ боллоо.

75eef7db661c45f09cf01ac41326e976Хуралдааны эхэнд Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт стандартын шаардлага хангаагүй нүхэн жорлонгийн тоог 30 хувиар бууруулах, жил бүр 10 мянган ариун цэврийн байгууламжийг ариутгаж, халдваргүйжүүлэх, үйлдвэр, үйлчилгээний байгууллагуудаас үүдэлтэй хүнд металлын бохирдлыг бууруулах зорилт тавьжээ.

Улаанбаатар хотын найман дүүргийн тусгай хамгаалалттай газар нутаг, ой, усан сан бүхий газарт нийт 20,460 нүхэн жорлон тоологдсон байна. Харин нийтийн эзэмшлийн зам, талбай дагуух эзэнгүй орхигдсон 125 нүхэн жорлонг буулгаж, ариутган халдваргүйжүүлжээ. Мөн нийслэлийн усны нөөц, ашиглалт, хамгаалалтын талаар мэдээлэл өгсөн юм. Усны тоо бүртгэлээр 2023-2026 онд нийслэлийн хэмжээнд 84 гол, горхи, 251 булаг, шанд, 18 рашаан, 41 нуур, тойром, 21 мянган худаг бүртгэгджээ.

Туул голын усны чанар дээд хэсэгтээ харьцангуй сайн ч Төв цэвэрлэх байгууламжаас доош хэсэгт бохирдол нэмэгдэж байгааг танилцууллаа. Цаашид голын бохирдлыг бууруулах, усны чанарыг сайжруулах зорилгоор лаг цэвэрлэгээг үе шаттай эхлүүлэх, усан хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг хашаажуулах арга хэмжээ төлөвлөж байна.

Үүний дараа МУИС-ийн инженер, технологийн судлаач Ч.Сономдагва нийслэлийн хөрс хамгаалах, бохирдлыг бууруулах хөтөлбөр боловсруулах судалгааны ажлаа танилцуулав. Хөрсний бохирдолд нүхэн жорлон, ил задгай хог хаягдал, автомашин, дулааны цахилгаан станц, үйлдвэр, авто засварын газрууд зэрэг олон эх үүсвэр нөлөөлж байгааг онцоллоо. Энэ хүрээнд 2026-2031 онд дөрвөн үндсэн зорилтын дагуу 56 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хэлэлцүүлгийн үеэр төлөөлөгчид хөрс, ус, агаарын бохирдлыг цогцоор нь авч үзэж, бохирдлын үндсэн шалтгааныг арилгах шаардлагатайг онцолсон юм. Тухайлбал, нүхэн жорлон, угаадасны нүхийг үе шаттай шийдвэрлэхдээ инженерийн дэд бүтцэд холбох боломжийг харгалзах, эхний ээлжид ногоон бүс, тусгай хамгаалалттай газар нутаг, голын ай савын бохирдлыг бууруулах, нийтийн бие засах газрын хүртээмжийг нэмэгдүүлэх санал дэвшүүлэв. Төлөөлөгч О.Зундуйдорж барилгын хог хаягдлын менежмент, зөрчилд ногдуулах хариуцлага, цэвэр усны нөөцийн асуудлыг хөндөж, эдгээр асуудлыг хөрс, ус хамгаалах арга хэмжээтэй уялдуулах шаардлагатайг хэлэв. Нийслэлийн Байгаль орчны газрын дарга Н.Мөнхбаяр Сонгинохайрхан дүүргийн Туул гол дагуух хог хаягдал, эзэн нь тодорхойгүй зөрчлийн талаар мэдээлэл өгч, эзэн нь тогтоогдсон тохиолдолд холбогдох арга хэмжээ авч ажиллаж байгааг танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч, НИТХ-ын төлөөлөгч Б.Мягмар хөрс, усны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг уялдуулж, бодит үр дүнд хүрэхэд ажлын хэсгийн зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлсэн юм. Ийнхүү ажлын хэсгийн санал, дүгнэлтийг нэгтгэн боловсруулж, НИТХ-аар хэлэлцүүлэх тогтоолын төсөл боловсруулахаар шийдвэрлэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.