Хятадын Коммунист намын 20 дугаар Төв хорооны V хурал эхэллээ
Бээжин хотноо Хятадын Коммунист Намын (ХКН) 20 дугаар Төв хорооны тавдугаар хурал өнөөдөр эхэллээ. Дөрвөн өдрийн турш хаалттай горимоор хуралдах тус хуралд ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин оролцож, Төв хорооны Улс төрийн товчооны өмнөөс ажлын тайлан тавина.
Энэ удаагийн тавдугаар бүгд хурлын гол хөтөлбөр нь намыг бүх талаар, хатуу чанга засаглах явдлыг тууштай гүнзгийрүүлэх асуудалд төвлөрч байна. Хурлын явцад Ши Жиньпин "Намыг бүх талаар, хатуу чанга засаглах явдлыг тууштай гүнзгийрүүлэх тухай зарим томоохон асуудлын талаарх ХКН-ын Төв хорооны шийдвэр"-ийн төслийг дэлгэрэнгүй тайлбарлан танилцууллаа.
Хэлэлцэж буй шийдвэрийн төсөлд 2012 оны ХКН-ын XVIII их хурлаас хойш шинэ эрин үед намыг чангатгах, дотоод шинэчлэл болон засаглалын хүрээнд хүрсэн ололт амжилт, туршлагыг бодит байдалд үндэслэн нэгтгэн дүгнэжээ. Түүнчлэн одоогийн болон ойрын ирээдүйн намын бүтээн байгуулалтын нөхцөл байдал, шинэ сорилтууд, стратегийн төлөвлөгөө, дотоод сахилга батын чиглэлүүдийг тодорхойлон заасан байна.
Бүгд хурлаар намын сахилга бат зөрчсөн болон авлигын хэрэгт холбогдсон өндөр түвшний албан тушаалтнуудын сахилгын шийтгэл, албан тушаалаас огцруулах шийдвэрүүдийг албан ёсоор баталгаажуулах төлөвтэй байна. Ингэснээр намын дотоод хяналтыг чангатгаж, хариуцлагын тогтолцоог улам бататгах зорилт тавигдаж байна.
Уг хуралдаан нь 2027 онд тохиох ХКН-ын XXI их хурал буюу удирдлагын шилжилт, сонгуулийн өмнөх чухал үйл явдал бөгөөд төрийн, намын болон цэргийн удирдлагын боловсон хүчний зохион байгуулалтыг бэхжүүлэх суурь түшиц болж буйгаараа онцлог юм.
Эх сурвалж:
• scmp.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.