🔴М.Бадамсүрэн: Нөмрөгийн ДЦГ-т гарсан хохирлыг тогтоох үйл явцыг замхруулж болохгүй

AI хөрвүүлсэн

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан гал түймрийн нөхцөл байдал, хариуцлагын асуудал болон төсөв, хууль эрх зүйн цаг үеийн сэдвээр мэдээлэл өгч, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: 

-Дорнод аймгийн Засаг даргаар ажиллаж байсны хувьд Нөмрөгийн ДЦГ-ын 80 орчим хувь нь өртсөн түймрийн асуудалд анхнаасаа тодорхой байр суурьтай байгаа. Түймрийг унтраасан байж болох ч хохирлыг бодитой тогтоох, нөхөн сэргээх болон хуулийн хариуцлага тооцох үйл явцыг ерөөсөө "унтрааж", замхруулж болохгүй. 

Хууль хяналтын болон байгаль орчны байгууллагуудын ажил удаашралтай байна. Өчигдрийн байдлаар нисдэг тэрэг дутагдалтай гэх мэт шалтгаан тоочиж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн хууль хяналтын байгууллага прокурорын зөвшөөрөлтэйгөөр тодорхой болсон урьдчилсан мэдээллийг олон нийтэд нээлттэй мэдээлж, нийгэм дэх эргэлзээ, талцлыг арилгах хэрэгтэй. 

Тус хамгаалалтын захиргаанаас зохих хураамж, зөвшөөрөл авалгүйгээр дархан цаазтай бүсэд ямар эрх бүхий албан тушаалтнууд нэвтэрснийг хуулийн хүрээнд шалгах ёстой. Сүмбэрийн боомт хүртэл шилэн кабель татах албаны ажил хийсэн ч үүний дараа яагаад амралт, зугаалгын зорилгоор Нөмрөгийн ДЦГ руу нэвтэрсэн бэ гэдэг нь тодорхой шалгагдах ёстой асуудал. Мөн "Мобиком Корпораци"-ийн удирдлага олон нийтээс уучлалт гуйсан шиг буруутай холбогдох албан тушаалтнууд ч хуулийн үйл явцыг хүлээлгүй алдаагаа хүлээн зөвшөөрч, уучлалт гуйн олон нийтийн эргэлзээг тайлах хэрэгтэй. 

Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймаг нь хуурайшилт ихтэй, өвс ургамал ихтэйн улмаас жил бүр түймрийн аюулд өртдөг бүс нутаг. Хавар, намрын улиралд эдгээр аймагт эрэн хайх, аврах, түймэртэй тэмцэх мэргэжлийн хөдөлгөөнт ангиудыг байршуулан ажиллуулдаг тогтолцоог яаралтай бүрдүүлэх шаардлагатай. Хээрийн өвс дараа жил нь ургадаг бол Нөмрөгийн ДЦГ нь ойн сантай, мод шатахдаа үндэс рүүгээ халалт өгч дахин ургах нөхцөлгүй болдог нь байгаль орчинд ноцтой хохирол учруулдаг. Орон нутгийн төсвийн хувьд гал үлээгч, автомашин, тоног төхөөрөмж бэлтгэхэд анхаардаг ч төсөв болон чиг үүрэг хязгаарлагдмал байдаг гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.