Д.Чойжамц: Мэгжид Жанрайсгийг тусгаар тогтнолын бэлгэдэл болгож сүндэрлүүлсэн юм
МБШТ- Гандантэгчэнлин хийдийн хансүр, 29 дэх хамба номун хан, гавж, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Чойжамцын Мэгжид Жанрайсиг бурхны дахин сэргэсний 30 жилийн ойд зориулсан нэвтрүүлэгт оролцох үеэрээ илэрхийлсэн яриаг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Мэгжид Жанрайсиг” гэдэг нь мэлмийгээ нээх гэсэн утгатай
-Жанрайсиг дуган маань Богд нарын, тэр дундаа VIII Богдын адис жанлав шингэсэн, бодьсадва, эрдэмтэн мэргэд, гавж, гэвш, лам хувилгаадын их адис оршсон, Монголын ард түмний хайрлан дээдэлдэг шүтээн гэж би боддог. 1911 онд Монгол Улс тусгаар тогтнох үед тусгаар тогтнолын бэлгэдэл болгон энэ дуганыг сүндэрлүүлсэн гэдэг. Тиймээс Богдын мэлмийд зориулан бурхан бүтээж байна хэмээн олон нийтэд зарлаж, бурхан бүтээж байгаа тухай ярьсан гэдэг. Ард түмэн хандив тусламж өргөж, ийнхүү дуганыг босгосон нь их учиртай. “Мэгжид Жанрайсиг” гэдэг нь мэлмийгээ нээх гэсэн утгатай.
Монголын ард түмэн олон зуун жил бусдын эрхшээлд байсны эцэст эрх чөлөөний цаг иржээ. Тиймээс монголчууд бүгдээрээ нүдээ нээж, билгийн мэлмийгээ нээгтүн. Ингэснээр Монгол Улс тусгаар тогтносон сайхан улс болно хэмээн бэлгэдэж, уг бүтээн байгуулалтыг эхлүүлэх санаа төрсөн гэдэг юм. Жанрайсиг бурхныг 1910-аад оны эхээр барьж эхлээд, хоёр гурван жилийн хугацаанд бүтээн байгуулж, 1911 онд Монгол Улс тусгаар тогтносны бэлгэдэл болгон сүндэрлүүлсэн гэдэг.
“1937 онд өндөр Жанрайсиг бурхныг буулгаж чадаагүй юм билээ”
-Монголын их хаад хаан ширээнд суусныхаа дараа томоохон хот суурин, бүтээн байгуулалт байгуулдаг уламжлалтай байжээ. Богд хаант Монгол Улс байгуулагдаж, Монгол Улс тусгаар тогтносны бэлгэдэл болгон Жанрайсиг бурхныг бүтээн залсан нь энэ уламжлалын нэг илрэл байсан болов уу. Бурхныг бүтээж залсны дараа олон эрдэмтэн хувраг, бодьсадва, хувилгаад, хутагт Богд нар адис жанлав хүртээж, ийнхүү сүндэрлүүлсэн түүхтэй. Жанрайсиг бурхан 24–26 метр өндөр гэдэг. 1911–1912 оны үеэс 1945 он хүртэл Монголчуудын нийтийн шүтээн болон залагдаж байжээ. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед дуган доторх Польш, Долнуурт бүтээлгэсэн насны бурхад, “Буман Аюуш” хэмээн нэрлэдэг бурхдыг устгасан тухай ярьдаг. Монголчуудын урт нас, Монголын төр засгийн болон хамаг бүхний сайн сайхныг бэлгэдэн, Долнуурт долоон мянга гаруй, Польшид дөрвөн мянга гаруй цөвөг бурхан бүтээлгэж, дуганы ханыг Аюуш бурхдаар чимэглэж залсан гэдэг юм.
Хэлмэгдүүлэлтийн үеэр бурхад үрэгдэж, тараагдан, устгагдсан ч гадаад, дотоодын хүмүүсийн гарт нэлээд нь очсон байдаг. Зарим хүн “Танай бурхан” хэмээн буцаан өгч байгаа бөгөөд сүүлийн үед ч ганц нэг бурхны сураг гарчээ. Одоогоор Гандан дуганы алтан дээвэртэй дуганы зүүн талын хананд байдаг гүнгэрваанд олон Аюуш бурхан бий. Хувь хүмүүсийн гар дээр очсон бурхад ч цөөнгүй.1937 оноос хойш Гандан хийд ихэд сүйдэж, энд байсан гурван Чойрын дацан болон бусад барилгыг буулгасан гэдэг. Харин өндөр Жанрайсиг бурхныг буулгаж чадаагүй юм билээ.1940-өөд оны үед энд орос цэргүүд байрлаж эхэлжээ. Гандан хийдийн шар хэрэмт хашаан дотор орос цэргүүд байрлаж, XIII Далай ламыг ирэхэд сууж байсан “Дидин Поверн” хэмээх байранд нь орос цэргийн дарга нар амьдардаг байсан гэдэг. Хойд талд нь морины жүчээ байж байгаад сүүлдээ машин тавьдаг болсон. Харин гол дугануудыг хэвлэлийн газар болгосон юм байна. Орос цэргүүд байрлаж байсан учраас зарим дуганыг буулгалгүй үлдээсэн гэж би боддог.
Тэр үед Богд нарыг хамгийн түрүүнд эсэргүүцэж, тэдний байгуулсан зүйлсийг буруушаадаг байсан мөртлөө Монголд тэдний байгуулсан арав гаруйхан бүтээн байгуулалт үлджээ. Бурхан шүтээн, ном судрын үг хэллэгийг нь устгасан ч цөөн хэдэн зүйл нь хадгалагдан үлдсэн байна. Үүний нэг нь IV, V Богдын үед үүсгэсэн байгуулсан зарим зүйл өнөө хүртэл үлджээ. Одоо Гандантэгчэнлин хийд, Дамбадаржаа, Амарбаясгалант, Ламын гэгээний хийд, Эрдэнэ Зуу, Баруун Хүрээ, Ногоон ордон зэрэг олон газар Богд нарын байгуулсан зүйлс хадгалагдан үлджээ. Данзан гуай гэж урлагийн авьяастай, бурхан шүтээн урладаг, уран бичлэгтэй, эрдэм номд боловсорсон сайхан лам байжээ. Тэр үед залуухан байсан бөгөөд хашааны завсраар харж, эргэн тойронд болж буйг ажигладаг байсан гэдэг. Тэрээр 69-ийг орос цэргүүд хэсэг хэсгээр нь буулгаж, гадаа овоолж байхыг харсан гэж ярьдаг байжээ. Дараа нь ачаад явсан юм гэнэ лээ.Тэр үед бурхан шүтээнийг үнэгүйдүүлж, дэлхийн хоёрдугаар дайны үед сум хийхэд зориулан өгч байна гэж өвгөчүүл ярьдаг байсан гэдэг.
“Соёлын сангаар дамжуулж Жанрайсигийг дахин бүтээж байлаа”

-Үүний дараа Гандан хийд 1944 онд дахин сэргэсэн юм даа. 1937 онд хаагдсан хийдийг АНУ-ын дэд ерөнхийлөгч Уоллес гэдэг хүн сүм дуганаар орж үзэхээр ирэхэд, коммунизмын үед үйл ажиллагаа явуулж байсан нэг ч дуган байгаагүй тул Ганданд үзүүлэхээр болсон гэдэг. Тэр хүнийг угтан авахын тулд Ганданд үйл ажиллагаа явуулж байсан дуганыг нээж, Пэлхамба тэргүүтэй лам нар хурлаа эхлүүлсэн гэдэг. Гомбодоо гуай, Дагважанцан багш нар оролцсон, нийт 17 лам анх хурлаа хураад, үйл ажиллагаа нь ийнхүү эхэлжээ. Жанрайсигийн их бие үлдсэн ч доторх бурхан шүтээнүүдийг бүгдийг нь авч явсан байна. Хажуугаар нь уясан Аюуш бурхад тараагдаж, алга болсон, заримыг нь устгасан гэдэг. Харин өндөр Жанрайсигийн зарим хэсгийг хойш нь ачаад явсан гэх бөгөөд түүнээс хойш сураггүй болжээ.
Гандан хийд дахин сэргэхэд лам нар хөдөө орон нутгаар явж, ном судар, бурхан шүтээн цуглуулсан байна. Шүтлэгтэй хүмүүс амь насаараа дүйцүүлэн авч үлдсэн бурхан шүтээнээ Гандан хийд дахин нээгдсэнийг дуулаад албан ёсны газар нь буцаан өгчээ. Ийнхүү олон ариун нандин шүтээн Ганданд цугласан юм. Жанрайсиг бурхнаа сэргээн босгохсон гэж хүмүүс ихэд харамсан ярьдаг байлаа.
Би 1970-аад оны үед анх лам болсон юм даа. Коммунизмын үеэр залуу лам нар элсүүлж эхэлсэн үе. 1979 онд би 19 настайдаа Гандан хийдэд лам болж орсон. Бид нийтдээ 20 гаруй, Буриадын долоон ламтай нийлээд 27-уулаа Шашны дээд сургуульд суралцаж төгссөн. Тэр үед өвгөчүүл маань Жанрайсигийн тухай, Гандан хийд ямар байсныг ярьж, айлддаг байв. Тэндээс л энэ түүхийг мэдэж авсан даа. 1970–1980-аад, 1980–1990-ээд оны үед хэлмэгдүүлэлтийн талаар зарим хүн хүлээн зөвшөөрч ярьж эхэлж, арай чөлөөтэй болж байлаа. Ерээд оны эхээр 60 хэсэгтэй Жанрайсигийг дахин бүтээж, босгохсон гэсэн санаа гарч байсан юм.
Би 1986 онд дээд сургуулиа төгсөхөд манай цорж лам Осорж гэж Өвөрхангайн сайхан лам байлаа. Тэрээр олон жил Гандан хийдийн цорж хийж байгаад таалал төгссөн. Сахил санваараа барьж, аман уламжлалаа хадгалж явсан хүн юм. Тэр лам 60 хэсэгтэй Жанрайсигийг босгох юмсан гэж. Нэгэн лам “Сүсэгтнүүдээс өргөсөн багахан мөнгө надад бий. Дахин сэргээхээр болбол тэр мөнгөө хандивламаар байна” гэж над дээр орж ирээд ярьж байсан нь санаанд үлджээ. 1990-ээд оны эхээр нийгэм арай чөлөөтэй болж эхлэхэд, урдаа барьдаг сэхээтнүүд Жанрайсигийн 60 хэсгийг дахин бүтээх аян өрнүүлж, Соёлын сан байгуулсан юм. Тэр ажилд Түдэв гуай, Пүрэвдорж гуай, Гандантэгчэнлин хийдийн хамба тэргүүтэй лам нар, зураач Чүлтэм гуай болон олон хүн нэгдэж, Соёлын сангаар дамжуулан Жанрайсигийг бүтээхээр санаачилсан гэдэг.
“Монголын зэсийг Орос руу аваачиж боловсруулаад, буцаан авчирч эх орны зэсээр хийсэн”
-1990 онд ардчилал эхэлж, Монгол Улс ардчилсан өөрчлөлтийн замд орсон тэр үед хүмүүс 1911 онд тусгаар тогтнолоо олж, “нүдээ нээсэн” түүхийг дурсан, ард түмэн нийтээрээ аз жаргалтай сайхан амьдрахын бэлгэдэл болгон Жанрайсигийн 60 хэсгийг дахин бүтээе гэсэн санаа гаргажээ. Энэ санаа олон хүнийг хамарсан давлагаа болж өрнөсөн юм. Соёлын санг тухайн үедээ нэртэй, шилдэг сэхээтнүүд санаачлан байгуулж, ажлыг нь эхлүүлсэн байна. Гэхдээ тэр үед мөнгө ховор, дэлгүүрт хатсан талх, хар гоймон, хар давс л байдаг байлаа. Хүмүүс талон хэрэглэдэг байсан үе юм даа. Тэр үе үнэхээр хэцүү байлаа. Гэсэн хэдий ч Монголын ард түмэн шинэ цагийнхаа бэлгэдэл болгон Жанрайсигийг дахин бүтээхээр зорьж, нэгэн давлагаа үүсгэсэн юм.
Эхэндээ Соёлын сангаар дамжуулан хандив цуглуулж, ажлаа эхлүүлсэн гэдэг. Хожим энэ ажил төр засгийн анхааралд орж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Соёлын сайд нар дэмжиж эхэлжээ. Анхны Ерөнхийлөгч П.Очирбат Жанрайсигийг бүтээх тухай зарлиг, тогтоол гаргаснаар ажил улам эрчимжсэн юм. Тухайн үед Н.Энхбаяр Соёлын сайд байсан санагдана. Улмаар Жанрайсигийг бүтээн байгуулах комисс байгуулж, олон яам, байгууллагын төлөөллийг оролцуулжээ. Уул уурхайн яам, Гадаад хэргийн яам, Соёлын яам зэрэг олон байгууллага, аймгуудын дарга нар ч энэ ажилд нэгдсэн байна. Гандантэгчэнлин хийдийн зүгээс би энэ ажилд оролцож, тэргүүлэгчээр нь ажиллаж байсан. Бид хуралдаж, ярилцаад Жанрайсигийг Монголын өөрийн нөөц бололцоогоор бүтээхээр шийдсэн юм.
Монголын зэсийг Орос руу аваачиж боловсруулаад, буцаан авчирч бурхныг эх орны зэсээр хийсэн. Мөн Монгол нутгаас 20 гаруй төрлийн эрдэнийн чулуу цуглуулж, бурхны хэсгүүдэд шигтгэн урласан гэдэг. Гадаадын хүн оролцуулахгүйгээр Монгол дархчууд өөрсдөө бүтээсэн юм. Аймгуудын дарга нарт үүрэг өгч, нутаг нутгийнхаа уул ус, шүтээнтэй газрын дээжийг авчруулах ажлыг зохион байгуулсан юм. Монгол нутгийн хөрсөнд буй эрдэс баялаг, эрдэнийн чулуу, уул усны дээж, ургамал зэрэг олон зүйлийг цуглуулж, Жанрайсигийг шингээн, сүншигт нь өргөсөн. Энэ ажил ихээхэн хөдөлмөр шаардсан. Монголчуудын хэрэглэж ирсэн эд зүйлсийг ч шүтээнийхээ бүтээлд багтаасан юм. Тухайлбал, монгол гэр, Чингис хааны үеэс хэрэглэж ирсэн нум сум, сэлэм, мөн хожмын үеийн гаа, тогоо шанага, цай ундааны хэрэгсэл зэрэг ахуй амьдралд хэрэглэдэг чухал зүйлсийг Жанрайсигт шингээн бүтээж, адислан аравнайлсан гэдэг.
“Монголчуудын ирээдүйн ерөөл, сайн сайхны бэлгэдэл болсон”
-Гандантэгчэнлин хийд энэ ажлыг хариуцаж байсан тул Пүрэвбат багш бид хэд урчууд дээр байнга очиж, уулзан зөвлөгөө өгдөг байлаа. Нэг удаа би бурхны дүр төрх, биеийн уян хөдөлгөөнийг хэрхэн гаргах талаар санал хэлж байсан юм. Том бурхад заримдаа элс чихсэн мэт хөшүүн, хөдөлгөөнгүй харагддаг. Өндөр бурхан бүтээхдээ уян зөөлөн байдлыг нь хадгалах хэрэгтэй гэж хэлээд, хөл орчмын хийцэд байгаа том хэсгүүдийг бага зэрэг засвал яасан юм бэ гэсэн санал гаргаж байлаа. Дараа нь очиж харахад үнэхээр ур хийц сайтай, маш гоё болсон байсан. Ийм том бурхан тэр бүр байдаггүй. Манай Жанрайсиг урлагийн өндөр бүтээл болсон. Пүрэвбат багш ч байнга зөвлөгөө өгдөг байлаа. Бурхныг босгосны дараа лам нар сүншиглэх, аравнайлах ажилд оролцож, хариуцан хийсэн юм. Мөн суурийг нь шинжлэх ухааны үүднээс судалж, халуун хүйтний нөлөө болон газрын хөрсөнд тогтвортой байх нөхцөлийг тооцоолж, гүн суурь цутган босгосон. Энэ бүтээн байгуулалт Монголчуудын ирээдүйн ерөөл, сайн сайхны бэлгэдэл болсон болов уу гэж боддог.
Жанрайсигийг анх төлөвлөсөн хэмжээгээр нь бүтээхээр хэмжилт хийхэд өндөр нь 50 сантиметрээр нэмэгдэж, 26 метрээс давсан юм даа. Жанрайсигийг бүтээн байгуулж дуусгаад, өргөл өргөх ёслол хийх болсон юм. Тэр үед би хамба лам байсан учраас уг ажлыг хариуцах ёстой хүн байлаа. Гэхдээ бидний дунд хамгийн ахмад, хувилгаан хутагт байгаагүй. Тиймээс Гүрдэва ринбуучи багшийг ламталж, би хажууд нь сууж байсан нь санаанд үлджээ. Жанрайсигийг дахин бүтээх ажил эхэлснээс хойш олон зүйл эрж хайсан даа. Майдар гуайн дэргэд Лха Дарьсүрэн гэдэг хүн байсан. Данзан гуай тэргүүтэй хүмүүс “Жанрайсигийн хуучин хэсгүүдээс ядаж нэгийг нь ч болов олж авъя. Тэгвэл шинэ бүтээн байгуулалтдаа оруулж, түүхэн дурсгал болгож болно” гээд их эрэл хайгуул хийсэн юм. Тэд хоёр, гурван удаа явсан гэдэг. Ленинград юм уу Москвад байдаг музейнүүдэд очиж, оросууд үзүүлэх хүсэлт тавьсан байна. Музейн доод давхрын агуулахад байсан эд зүйлсийг үзэхэд, нэг өндөр Майдар бурхан байжээ. Данзан гуай “Энэ манай Майдар шиг байна” гэж хэлсэн гэдэг. Хажууд нь банз тавьсан байсан тул завсраар нь харвал том авдар мэт зүйл харагдаж байж. Тэгээд “Тэр Жанрайсиг байж магадгүй” хэмээн ярьж, үзүүлэхийг хүссэн ч үзүүлээгүй гэнэ лээ. Харин Майдар бурхныг “Манайх” гэж таньсан байна.
Сүүлд нь тэр нь Майдар Буриадынх байсан, буриадууд өөрсдийнхөө Майдар гэж хэлсэн гэх яриа сонсогдож байжээ. Данзан гуайн ярьснаар бол тэр Майдар Буриадад очиж, тэнд босгогдсон. Хэт том байсан тул газрыг нь бага зэрэг ухаж хонхойлгоод барьсан гэдэг байв. Дараа нь Жанрайсигийг дахин үзэхээр хуучин байсан газарт нь очсон ч олдоогүй. Энэ тухай Лха.Дарьсүрэн гэдэг хүн надад ярьсан юм. Музейн эд зүйлсийг хариуцдаг хүмүүстэй танилцаж, бага зэрэг бэлэг сэлт өгөөд ярилцсан ч үзэх гэхэд тэнд байгаагүй гэж билээ. Цэргүүд харуулд зогсож байгаад, шөнөөр ачаад явсан гэдэг. Түүнээс хойш олдоогүй, эрэл хайгуул хийгээд ч нэмэр болоогүй юм даа.
“Мэлмийг нь Пүрэвбат багш нээсэн юм даа”
-Оросын Хар тэнгис хавьд амарч явсан Монголын нэг албаны хүнд Жанрайсигтэй төстэй, асар том бурхан дэлгэн үзүүлсэн гэх яриа ч байдаг. Тэгээд “Орост манай Жанрайсиг шиг бурхан байна” гэж ярьж байсан ч эрж хайгаад олоогүй юм. Ингээд Жанрайсигийг шинээр бүтээн залж, 1996 онд адислан аравнайлсан. Бүтээн байгуулалтад түүхэн хүмүүс, олон шилдэг хүн оролцсон. Жишээлбэл, дуганы голд залдаг залгаасгүй өндөр модыг авахын тулд Байгаль орчны яамнаас тусгай зөвшөөрөл авсан. Тэр модыг “сорогшин” хэмээдэг бөгөөд голоор нь тарни бичдэг юм байна. Алдартай бөхчүүд болон бусад хүмүүс модыг дамнан авчирсан. Би ч тэр ажилд оролцож, модыг мөрөн дээрээ үүрээд Жанрайсигийн рүү явж байснаа санадаг. Дуганы дотор тавьдаг ширээ нь маш хүнд байсан тул барагтай хүн өргөж дийлэхгүй байв. Тиймээс Б.Бат-Эрдэнэ аварга тэргүүтэй арван бөхийг авчирч, ширээг өргүүлэн дуган дотор байрлуулсан юм.
Жанрайсигийн мэлмийг нээх ёслолд Гүрү Дүва Ренбүүчи тэргүүтэй лам нар оролцсон. Алтдах ажилд Гүрү Дүва Ренбүүчи Жандаг, Яндаг нар ихээхэн оролцож, алтыг нь олох, бэлтгэх ажлыг хариуцсан юм. Орос, Энэтхэг, Тайван зэрэг газраас алт, наамал алт болон шаардлагатай бусад зүйлсийг судалж, авчирсан гэдэг. Мөн бурханд өмсгөх дээд хувцсыг Энэтхэгээс авчирсан торгоор хийлгэсан. Залгаасгүй, асар урт таван өнгийн хадаг бэлтгэн авчирч залсан. Эцэст нь мэлмийг нь Пүрэвбат багш нээсэн юм даа. Монголчуудын бурхан шүтээн сүсэглэн шүтэж буй хүмүүсийнхээ сэтгэл, байр байдлаас шалтгаалан өөрөөр харагддаг юм болов уу гэж би боддог.
Анх Пүрэвбат багш Жанрайсигийн мэлмийг нээсний дараа харахад нэлээд догшин дүртэй мэт санагдаж билээ. Харин тав, зургаан жилийн дараа дахин орж үзэхэд асар намуухан, дөлгөөн сайхан харагдсан. Сүсэг бишрэлээс шалтгаалаад бурхан шүтээн хүнд өөр өөрөөр үзэгддэг юм болов уу. Ямар сайхан юм бэ гэж бодон шүтэж, биширч, залбирч явдаг даа.
“Жанрайсигийн дэргэд Манзушир, Очирваань бурхдыг бүтээсэн” “
-IX Богд Монголдоо ирээд Жанрайсигийг үзэхдээ “Үнэхээр гайхамшигтай сайхан шүтээн болжээ. Үүнийг бүрэн бүтэн болгох хэрэгтэй юм” гэж айлдсан. Мөн Монголчуудыг язгуурын гурван бурхнаар ариусгаж, түүхээ дурсан санаж явах хэрэгтэй хэмээн хэлээд, Жанрайсигийн дэргэд Манзушир, Очирваань бурхдыг бүтээхийг санал болгосон юм. Жанрайсиг, Манзушир, Очирваань гурван бурхан нь Монголчуудад өгч буй IX Богдын сануулга гэж би ойлгодог. Тусгаар тогтнолтой, эв нэгдэлтэй, хөгжил дэвшилтэй байя гэвэл эдгээр гурван бурхныг шүтэж явах учиртай гэж айлдсан.
Жанрайсиг бурхан ёс зүй, ёс суртахуун, нигүүлсэл, энэрэл хайрыг бэлгэддэг сайхан шүтээн. Аав ээж, ахан дүүс, нөхөд болон бусдыг хүндэлж хайрлах, уучилж өршөөх зөөлөн сэтгэлийг илэрхийлдэг юм. Манзушир бурхан бол оюун ухааны бурхан. Уламжлалт болон орчин үеийн мэдлэгээ улам дээшлүүлэх тусам сайн гэж сануулж байгаа хэрэг. Мэдлэг, ёс суртахуун хоёр хослох нь улс орны хөгжил дэвшилд чухал гэж би боддог. Ёс суртахуунгүй мэдлэгээр хүн хаашаа ч явж, элдэв зүйл хийж болдог. Харин ёс суртахуунд суурилсан мэдлэг нь улс орон, ард түмэн, аав ээж, ахан дүүс, үр хүүхдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй байдаг. Тийм хүн бусдыг хүндэтгэж, хайрлан энэрч, асарч халамжлан, өршөөж уучилж чадна. Тэр оюун ухаан Эрдэм мэдлэг ёс суртахуунтай хослоход л жинхэнэ хөгжил бий болдог юм байна гэж би боддог.
Харин энэ хоёрыг ажил хэрэг болгож, бодит үр дүн гаргадаг нь Очирваань бурхан юм. Мэдлэг, хайр энэрэл, нигүүлсэл хүний сэтгэлд байгаад үйл хэрэг болохгүй бол тухайн хүнтэйгээ л хамт үлдэнэ. Харин тэдгээрийг амьдралд хэрэгжүүлж, гэр бүл, улс орон, байгууллагынхаа төлөө хичээн зүтгэж чадвал улс орон тунгалаг сайхан, хөгжил дэвшилтэй болж, бусад улс оронтой зөв, найрсаг харилцаатай байж, хөгжлийн манлайд хүрнэ гэсэн бэлгэдэл юм.
“Бид тусгаар тогтнолоо Богд нартай холбон шүтэж, дээдэлдэг”
-Богд нар маань тусгаар тогтнолын бэлгэдэл болгон Жанрайсигийг бүтээж, IX Богд улам төгөлдөр болгосон. X Богд ч Жанрайсигт их хайртай, байсхийгээд ирж мөргөдөг нь харагддаг. Анхдугаар Богдоос эхлээд Богд нарын маань үйлс ийм сайхан юм даа гэж боддог. Бид тусгаар тогтнолоо Богд нартай холбон шүтэж, дээдэлдэг. Энэ нь зүгээр нэг мухар сүсэг биш. Багш нар маань уламжлан бичиж үлдээсэн “Өндөр гэгээний арван захиас” гэж бий. Тэнд Өндөр гэгээний нэгэн айлдвар байдаг юм. Тэрээр Соёмбо үсгийг зохиогоод, “Миний энэ үсэг дэлхий даяар түгэн дэлгэрэх цагт Монгол Улс амар амгаланг эдэлж, сайхан болно” хэмээн захиж үлдээсэн гэдэг. Тэгвэл Соёмбо олон улсад түгэн дэлгэрэх цаг нь хэзээ юм бэ гэж. Ингэж бодоход, 1961 онд Монгол Улс тусгаар тогтнолоо бататгаж, төрийн далбаандаа алтан Соёмбоо залсан. Тэр жил НҮБ-д элсэж, улмаар Монгол Улстай дипломат харилцаатай болсон зуу гаруй орны Элчин сайдын яамны өмнө Монголын далбаа мандах болсон. Энэ бүхнийг тусгаар тогтнолын бэлгэдэл гэж ойлгож болно.
Үе үеийн Богд нар, бодьсадва нар, Чингис хааны алтан ургийн ноёд, нийт ард түмэн тусгаар тогтнолоо хүсэж мөрөөдөж ирсний гэрч нь Жанрайсиг бурхан юм аа.Бид эндээ сүсэглэн биширч, залбирахын зэрэгцээ бурхны сануулж буй ёс суртахуун, мэдлэг боловсролыг эрхэмлэж, түүнийгээ ажил хөдөлмөр болгох хэрэгтэй. Бие биетэйгээ эвтэй найртай байж, хамтдаа урагшилбал Монгол Улсын хөгжил дэвшилд ихээхэн нэмэр болно гэж боддог.Та бүхэндээ хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Урт насалж, удаан жарган, хөгжил дэвшилтэй, аз жаргалтай байх болтугай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 27. МЯГМАР ГАРАГ. № 204 (7946)
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.