ШУУРХАЙ МЭДЭЭ: З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон хорих ялыг торгох болгож өөрчиллөө
УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг тэдний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцлээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Г.Мөнхтулга, С.Болортуяа нарын бүрэлдэхүүн үдээс өмнө Д.Батсүх, Ө.Цэрэндэжид, Б.Баатарсайхан, Д.Алтансүх, У.Хүрэлсүх нарын гомдлын үндэслэлийг сонссон бол цайны завсарлагын дараа хоёр шүүгдэгч гомдлын үндэслэлээ тайлбарласан юм.
З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцээд эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрийнх нь нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, нээлттэй дэглэмд хоёр жил хорих ял шийтгэсэн билээ.
Өмнөговь аймгийн Цогтцэций дэх Тавантолгойн нүүрсний уурхайгаас Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум хүртэл нүүрс тээвэрлэх үйл ажиллагаанд албан тушаалаа урвуулан бусдад давуу байдал олгосон гэж тэднийг буруутган “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд мөрдөн шалгасан юм.
Тодруулбал, говийн эмзэг хөрстэй, байгалийн цогцолбор газрыг дайран өнгөрдөг 407 км шороон замаар З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтох ТУЗ-д нь, эхнэрийнх дүү ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг, БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Страто” ХХК-ийн нүүрс угааж баяжуулах үйлдвэр рүү З.Энхболдын хамаарал бүхий хүмүүсийн “Их дэлгэмэл ингүүн” компанийнхан даац нь хэтэрсэн машинаар нүүрс тээвэрлүүлэх зөвшөөрөл олгож давуу байдал үүсгэсэн хэмээн буруутгасан билээ.
Шороон замыг улсын чанартай болгох “Авто замын ангилал шилжүүлэх” сайдын тушаал Б.Энх-Амгалан гаргаж, улмаар уг авто замыг хатуу хучилттай болгох нэрийн дор хууль зөрчин “Их дэлгэмэл ингүүн” ХХК-д түр эзэмших эрх олгохоор шийдвэрлэн говийн эмзэг хөрстэй замаар ямар ч хориглолт, хяналтгүйгээр нүүрс тээвэрлэх боломж бүрдүүлсэн. Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр аймгийн Засаг дарга, нутгийн иргэд, бусад харьяа газраас хяналт тавих, зохих арга хэмжээ авах эрхийг хязгаарласнаас олон салаа шороон зам гаргаж, тоосжилт үүсгэн, газрын хөрсийг эвдэж, малын бэлчээр устган, хүн, мал, амьтанд аюултай нөхцөл байдал үүсгэн, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, амьд явах эрхийг хөндөж, байгаль, экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөлийг үүсгэсэн нь мөрдөн шалгах ажиллагаар тогтоогдсон байдаг.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар зөвлөлдөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна гэж дүгнэлээ. Харин З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж хоёр жил хорих ялыг нь өөрчилж, тус бүрийг нь 40 сая төгрөгөөр торгохоор болж, нэн даруй суллахаар шийдвэрлэв. Ингэхдээ тэдний ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон хоногийг хасаж, Б.Энх-Амгалангаас 36, З.Энхболдоос 38 гаруй сая төгрөг гаргуулахаар болсон юм.
З.Энхболд энэ сарын эхээр, Б.Энх-Амгалан хэд хоногийн өмнө тус хорих ангийн эмнэлгээс Улсын гуравдугаар төв эмнэлэгт шилжин хэвтэж эмчлүүлсэн аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.