🔴Оюутолгойн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж энэ жил ноогдол ашиг авч эхэлнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Оюу Толгой төслийн хэлэлцээрт түүхэн амжилт гаргаж, Монголын талд ашигтай хэд хэдэн чухал тохиролцоонд хүрснийг албан ёсоор зарлалаа. Шинэ Засгийн газар байгуулагдсаны 100 хоногийн босгон дээр Оюу Толгойн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бодитоор бууруулжээ.
Ерөнхий сайд Н.Учрал:
-Хэлэлцээрийн үр дүнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг 10.5 хувиас 7.9 хувь болгон бууруулсан. Энэ нь Оюу Толгойн баялгаас өр зээлд төлөх байсан 6.2 тэрбум ам.доллар буюу 22 их наяд төгрөгийг хэмнэсэн гэсэн үг. Монголын талын хүртэх өртөг өгөөж 2.5 тэрбум ам.доллар буюу найм орчим их наяд төгрөгөөр нэмэгдэх боломж бүрдэж байна. Өмнө нь долоон жил тутамд эргэж хардаг байсан зээлийн хүүгийн цонхыг гурван жил тутамд хэлэлцдэг болгон өөрчилсөн.
Энэ хүүгийн бууралт нь олон улсын санхүүгийн байгууллагуудын Оюу Толгой төсөлд өгсөн нэгдүгээр эрэмбийн зээлийн хүү болох 9.01 хувиас, мөн дотоодын аж ахуйн нэгжүүдийн олон улсын зах зээлээс босгож байгаа санхүүжилтийн хүүгээс ч бага түвшинд тогтож чадсан.
Монгол Улс энэ жилээс эхлэн Оюу Толгойн төслөөс ногдол ашиг авахаар Рио Тинто групптэй тохиролцсон. Менежментийн зардлыг бууруулах чиглэлээр амжилттай хэлэлцээр хийж, өмнө нь нийтдээ 10 орчим хувьд хүрдэг байсан менежмент болон үйлчилгээний төлбөрүүдийг 3.95 хувь болгон бууруулсан. Үр дүнд нь 2.2 тэрбум ам.долларын зардлыг хэмнэж, Монголын талын хүртэх мөнгөн өгөөжийг 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлсэн. Одоогийн байдлаар "Чингис хаан баялгийн сан нэгдэл" ХХК дээр менежментийн шинэ гэрээг байгуулах, засаглалыг тодорхой болгох ажил идэвхтэй хийгдэж байна.
Нийт хэлэлцээрийн үр дүнд Оюу Толгойн баялгаас төлөгдөх 8.4 тэрбум ам.доллар буюу 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, Монголын талын ирээдүйд хүртэх өгөөжийг дөрвөн тэрбум ам.доллар буюу 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх боломж нээгдэж байна. Мөн Оюу Толгойн бүлэг ордын нэг хэсэг болох "Онтрэ"-гийн хэлэлцээрийг эхлүүлж, Монголын ард түмний хүртэх өгөөжийг Үндсэн хуульд нийцүүлсэн санал боловсруулж УИХ-д танилцуулах үүргийг холбогдох сайд нарт өгсөн.
Монголчууд эрх ашгаа хаанахын хэний ч өмнө хамгаалж чаддаг гэдгийг нотлон харууллаа. Монголын баялаг Монгол хүндээ өгөөжтэй байх ёстой. Бид ардчилсан, чөлөөт улсын хувьд хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж, манай улсад хөрөнгө оруулсан хэн бүхний хууль ёсны эрх ашгийг өөрийн улсын ард иргэдийн эрх ашгийн хамт эн тэнцүү хамгаалж ажиллах болно.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.