🔴О.Амгаланбаатар: Шинээр гэр бүл болсон залуу малчдад төрөөс 50 эм ямаа өмчлүүлэх хуулийн төсөл санаачилсан
Хөдөө орон нутгийн эзгүйрэл, залуу малчдын залгамж халаа тасарч буй асуудлыг шийдвэрлэх зорилгоор Малчны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар санаачлан боловсруулжээ. Уг хуулийн төсөлд шинээр гэр бүл болсон залуу малчдад төрөөс 50 эм ямаа өмчлүүлэн өгөх зохицуулалтыг тусгасан байна.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Хөдөөгийн хүн ам цөөрч, залуу малчид гэр бүл зохиоход хүндрэлтэй байгаа нь үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн тулгамдсан асуудал болоод байна. Малчид бол хилчидтэй адил нутаг орныхоо эзэн болж, газар нутгаа хамгаалж байдаг тул тэднийг хөдөө орон нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн бодлогын тэргүүлэх чиглэл байх ёстой гэж үзэж байна.
Энэхүү асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Говь-Алтай, Ховд, Увс, Завхан аймгуудын дунд орших Дөргөн нуурын хөвөөнд гэр бүлгүй залуучуудад зориулсан уулзалт, өдөрлөгийг тав дахь жилдээ зохион байгуулна. Ирэх долоодугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гурван өдрийн турш үргэлжлэх уг арга хэмжээний үр дүнд өмнөх жилүүдэд 300 гаруй хос гэр бүл болж, 300 орчим хүүхэд мэндэлсэн байна. Улаанбаатар хотоос оролцох хүсэлтэй залууст нээлттэй бөгөөд хөтөлбөрийн дэлгэрэнгүйг Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудаснаас авах боломжтой.
Мөн залуу малчдын орлогыг нэмэгдүүлэх, тэднийг малжуулах бодлогын хүрээнд шинээр гэрлэсэн өрхөд 50 эм ямаа өмчлүүлэхээр хуулийн төсөлд тусгажээ. Өмнө нь хэрэгжиж байсан малжуулах төслүүд нь зөвхөн цөөн малтай өрхүүдэд чиглэж, үр дүн муутай байсан бол энэхүү зохицуулалт нь хөдөө орон нутагтаа амьдрах чин хүсэлтэй, шинээр гэр бүл болж буй залуу малчдыг бодитоор дэмжих зорилготой юм. Эцэг эхээс тасалж өгсөн цөөн мал нь амьдралд хүрэлцэхгүйгээс залуус хот суурин газар бараадах урсгалыг үүгээр зогсооно гэж тооцоолж байна.
Татвар төлөгчдийн мөнгийг үргүй зарцуулж байна гэх шүүмжлэлд хууль санаачлагч хариулахдаа "Хөдөө орон нутагт эзэн болж үлдэх малчин өрх байхгүй болбол Монгол Улсын тусгаар тогтнол, хүнсний аюулгүй байдал алдагдана. Тиймээс энэ бол үргүй зардал биш, харин Монголын ирээдүйд оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт юм" хэмээн тайлбарлав.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.