🔴 Н.Алтаншагай: Өмнөх хийсэн бүтээн байгуулалтуудыг үргэлжлүүлээсэй гэж Х.Нямбаатар дарга хүссэн

AI хөрвүүлсэн

Нийслэлийн Монгол Ардын Намын (МАН) 36 дугаар Бага хурал товлосон асуудлуудаа хэлэлцэн үргэлжилж байна. Хурлын явц, хэлэлцэж буй асуудлуудын талаар МАН-ын Бага хурлын гишүүн, хурал даргалагч Н.Алтаншагай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Яг одоо Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэж байгаа бөгөөд МАН-ын Удирдах зөвлөлөөс бодлогын түвшинд Б.Пүрэвдагвыг нийслэлийн МАН-ын хорооны даргад дэвшүүлсэн байна. Хуралдааны заалнаас өөр нэр дэвшигч гараагүй тул нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт авах үйл явц өрнөж, үргэлжлүүлэн нууц санал хураалт явуулахаар болжээ.

Х.Нямбаатар даргын тайланг "Бүрэн хангалттай" гэж үнэлэв

Хурлын эхэнд Нийслэлийн МАН-ын хорооны дарга Х.Нямбаатар 2022–2026 оны ажлын тайлан мэдээллээ танилцуулсан байна. Хуралд оролцож буй намын төлөөлөгчид уг тайланг хэлэлцээд "бүрэн хангалттай" гэсэн үнэлгээ өгч, тайлан илтгэлийг баталжээ.

Мөн 2024 оны шат шатны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлтийг танилцуулсан бөгөөд хотод эхлүүлсэн бүтээн байгуулалт, томоохон хөрөнгө оруулалтын ажлуудыг үргэлжлүүлэх, мөрийн хөтөлбөрт шаардлагатай тодотгол, шинэчлэлийг тусгах тал дээр төлөөлөгчид санал нэгдэж байгааг онцоллоо. Түүнчлэн намын дотоод дүрэм журам болон анхан шатны байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг төлөөлөгчид хөндөн ярилцаж байгаа аж.

Дараагийн шатны томилгоо, намын бүтцийн шинэчлэл

Н.Алтаншагай сонгуулийн үйл явцын дараагийн дарааллыг танилцуулахдаа:

"Нийслэлийн МАН-ын хорооны дарга сонгогдсоны дараа намын хороог шинээр эмхлэн байгуулах процесс өрнөнө. Энэ удаагийн 36 дугаар Бага хуралд 489 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд эдгээр төлөөлөгчдөөс Нийслэлийн намын хорооны бүрэлдэхүүн бүрдэнэ. Шинээр сонгогдсон намын дарга бүрэлдэхүүний тоо, нэрсийг оруулан батлуулснаар намын хорооны Анхдугаар хуралдаан болно. Улмаар Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга болон тэргүүлэгчдийг сонгон баталгаажуулснаар өнөөдрийн хурал өндөрлөх юм" гэв.

МАН-ын үндсэн дүрмийн хүрээнд Нийслэлийн МАН-ын хороо нь 23 тэргүүлэгчтэй байх боломжтой бөгөөд тэдгээрт дүүргийн намын хорооны дарга нар, ТББ-ын удирдлагууд болон нийслэлийн улс төрийн албан тушаалтнуудын төлөөлөл багтдаг байна.

Нийслэлийн МАН 78 мянган гишүүнтэй

Нийслэлийн МАН-ын байгууллага нь 101 жилийн түүхтэй бөгөөд одоогийн байдлаар 9 дүүрэгт 204 хорооны намын хороо, 664 анхан шатны байгууллагад нийт 78 мянган бүртгэлтэй гишүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

Х.Нямбаатар НИТХ-ын төлөөлөгчөөс татгалзах хүсэлт гаргаагүй

Х.Нямбаатар даргыг төлөөлөгч болон тэргүүлэгчээс хасах хүсэлт гаргасан гэх мэдээлэл гарсантай холбогдуулан Н.Алтаншагай дараах тайлбарыг өглөө. Тэрбээр, "Хурал дээр тийм асуудал огт яригдаагүй, ташаа мэдээлэл гарсан байна. Миний бие хурлын даргын хувьд өөртэй нь холбогдож тодруулахад 'Тийм зүйл байхгүй' гэдгээ албан ёсоор илэрхийлсэн. Тэрбээр хуралдаанд цахимаар оролцсон. Шинэ дүрмийн дагуу тэргүүлэгчээрээ үлдэх эсэх нь тухайн хүний эрх боловч одоогоор төлөөлөгчөөс татгалзах, тэргүүлэгчээс хасуулах ямар нэг албан ёсны хүсэлт, санал гаргаагүй" гэдгийг мэдэгдлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.