Тейлор Свифт, Трэвис Келси нар Мэдисон Скуэр гарденд хуримын баяраа тэмдэглэнэ
Алдарт дуучин Тейлор Свифт болон Америкийн хөлбөмбөгийн тамирчин Трэвис Келси нар Нью-Йорк хотын алдарт Мэдисон Скуэр гарден цэнгэлдэх хүрээлэнд олон хоног үргэлжлэх хуримын сүрлэг баяраа хийхээр бэлтгэж байна.
Хосууд 2025 оны наймдугаар сард сүй тавьснаа зарласан бөгөөд АНУ-ын Тусгаар тогтнолын баярын амралтын өдрүүдэд буюу 2026 оны долоодугаар сарын 2-4-ний хооронд олон мянган зочид цугласан томоохон хэмжээний арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Сүрлэг баярт зориулж Нью-Йорк хотын төв хэсэгт аюулгүй байдлын онцгой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж эхэлсэн байна.
Хуримын баярын хөтөлбөр долоодугаар сарын 2-ны пүрэв гаргийн 18:00 цагт Мэдисон Скуэр гарден дотор байрлах Инфосис театрт эхлэх бөгөөд эхний өдөр ойр дотны 100 орчим зочдод зориулсан бэлтгэл оройн зоог болон хүлээн авалт болно. Харин гол баяр болох томоохон хүлээн авалт долоодугаар сарын 3-ны баасан гаргийн үдээс хойш коктейль партигаар эхэлж, долоодугаар сарын 4-ний бямба гаргийн үүрийн 04:00 цаг хүртэл үргэлжлэх ажээ. Баярын гол арга хэмжээнд 1000 гаруй зочин оролцохоор хүлээгдэж байна.
Арга хэмжээний зохион байгуулалтыг хариуцаж буй "Виник Продакшн" компани Мэдисон Скуэр гарден орчмын замуудыг долоодугаар сарын 2-ноос долоодугаар сарын 4-ний үд дунд хүртэл хаах зөвшөөрлийг авчээ. Тусгаар тогтнолын баярын өдрүүдэд Нью-Йорк хотын цагдаагийн газрын ачаалал их байдаг тул зохион байгуулагчид хувийн хамгаалалтын алба хөлслөн ажиллуулж, шүтэн бишрэгчдэд зориулсан тусгай бүсүүдийг засахаар шийдвэрлэсэн байна. Мөн Пенсильвани мужийн "Рок Лититз" үйлдвэрлэлийн хотхонд маш нууц байдалд угсарсан аварга том тайзыг Мэдисон Скуэр гарден руу тээвэрлэн авчирч суурилуулжээ.
Нью-Йорк хотын дарга Зоран Мамдани зургаадугаар сарын 30-ны мягмар гарагт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хотод хэт халуун агаар нүүрлээд байгааг хэлээд, агааржуулагчтай Мэдисон Скуэр гарден дотор хуримаа хийх нь сэрүүцэх хамгийн ухаалаг шийдвэр хэмээн хошигносон байна. Баярын зочдын жагсаалтад Селена Гомес, Эд Ширан, Жек Антонофф, Жижи Хадид, Зои Кравиц зэрэг алдартнууд багтсан бөгөөд Трэвис Келсигийн тоглодог Канзас-Сити Чифс багийн тамирчдад зориулж Таймс Скуэр дэх Марриотт Маркис зочид буудалд өрөөнүүд захиалжээ. Түүнчлэн домогт дуучин Стиви Никс хүрэлцэн ирж, тусгай тоглолт үзүүлнэ гэсэн мэдээлэл байна.
Эх сурвалж:
•
•
•
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.