Ү.Амарбат: Б.Энхбаяр БЗС-гаас зээл авахдаа сургалтын төлбөрт бус хувьдаа авсан байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн “нэр төр, алдар хүндийг гутаасан хуурамч мэдээлэл байнга тараасан” асуудлаар шүүхээс албан ёсоор УИХ-ын гишүүн Б.Энхбаярт иргэний хэрэг үүсгэсэн талаар мэдээлсэн. Уг асуудлаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгч Ү.Амарбат мэдээлэл хийв.
Өмгөөлөгч Ү.Амарбат:
-Шүүхээс Б.Энхбаяр гишүүнд нэхэмжлэлийг гардуулах ажиллагаа хийгдэж байгаа эсэх талаар тодрууллаа. Хан-Уул дүүрэгт хоёр хаягтай юм байна. Эхний хаяг дээр нь гардуулахаар очиход байгаагүй. Энэ хүн баталгаатай ар талтай, өөртөө итгэлтэй байна. Юу ч зогсоохгүй мэт авирлаж, Хууль зүйн сайд болвол энэ хэргийг зогсоох хүсэл эрмэлзэлтэй байгааг үгүйсгэхгүй. Намайг УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн өмгөөлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш Б.Энхбаяр гишүүний БЗС-гийн асуудлаар баримтууд ирж байгаа.
Б.Энхбаяр анх БЗС-гаас зээл авахдаа өөрийнхөө төрсөн ахын нэр дээр байдаг байрны ордерын нэрийг засаж, өөрийн нэр дээр хуурамч ордер үйлдэж БЗС-нд барьцаанд өгч тооцуулсан байж болзошгүй байна. БЗС-гаас хоёр жил дараалж сургалтын төлбөр авахдаа сургууль руугаа нэг ч төгрөг хийгээгүй. Төлбөртөө өгөх бүх мөнгөө өөрийн хувийн данс руу авсан байна. Ингээд сургуулиа төгсөөгүй 2018 онд Монголд ирээд тухайн үеийн албан тушаалтнаар үүргээ биелүүлсэн гээд зээлээ хаалгасан байна. 2023 онд БЗС-гийн асуудал гарч ирэхэд яаран сандран нийт 100 гаруй сая төгрөгийг нэг дор төлсөн байна. Тухайн үеийн ХОМ-ийг нь үзэхэд ийм хэмжээний хөрөнгө байгаагүй гэж хардаж байна. Яг өөрийнх нь мэдээлэл тараадаг аргаар мэдээлэл өгч байна.
Монголын ард түмний татварын мөнгө 20 жил Б.Энхбаярын халаасанд явсан. Зээлээ төлөхдөө 30 мянган ам.долларын хүүг төлөөгүй байна. Энэ баримтуудаар хууль хяналтын байгууллага шалгах ёстой. Хэрвээ энэ асуудлаар намайг шүүхэд дуудвал би очиход бэлэн байна. Өөрөө энэ бүхнээ нотлохгүй бол үнэн гэж ойлгоно. Манай УИХ-д ийм жишиг тогтож байна. Хэвлэлээр нэг хүнийг тултал нь ярина. Араас нь нотлохгүй бол энэ асуудал нь үнэн. Бий болгосон арга хэлбэрээр нь тэмцлээ үргэлжлүүлж байна гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.