“E-Mongolia”-г хуурамчаар үйлдсэн залуусыг шалгаж байна

“E-Mongolia”-г хуурамчаар үйлдсэн залуусыг шалгаж байна

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн платформ болох “E-Mongolia” аппликэйшнийг дуурайлган хийж, хуурамч мэдээлэл гаргаж байсан залуусыг ЭЦА-ны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн илрүүлэн шалгаж эхэлжээ. Тэд дуураймал аппликэйшнээсээ иргэний, жолооны үнэмлэх, банкны лавлагаа зэрэг мэдээллийг гарган хүүхэд залууст худалдан борлуулсан нь тогтоогдсон аж. 

Тухайлбал, өсвөр насныхан тэднээс авсан хуурамч лавлагаагаа ашиглан замын хөдөлгөөнд скүүтер, мопед унаж оролцож, зээлийн үйлчилгээ эрхлэгч платформуудад данс нээлгэн цахим зээл авч, мөрийтэй тоглож байсан гэнэ. Тиймээс Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавих, хуурамч бичиг баримт ашигласан гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэхийг санууллаа.

Бидний авсан мэдээллээр хуурамч аппликэйшнд нь 870 гаруй хүн хандалт хийсэн бөгөөд тэднээс 100 гаруй нь идэвхтэй ашигласан нь тогтоогдсон гэнэ. Уг хэрэгт холбогдуулан хоёр залууд Эрүүгийн хуулийн 23.2-1-ийн хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан, 26.1-2-ын “Кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн, засварласан, нэмж оруулсан” гэх зүйл заалтын дагуу эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.