Сангийн яамны газрын дарга Б.Доржсэмбэдэд яллах дүгнэлт үйлджээ
Сангийн яамны Санхүүгийн хяналт, эрсдэлийн удирдлагын газрын даргаар ажиллаж байсан Б.Доржсэмбэдэд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн зарим төсөл, арга хэмжээний санхүүжилтийг олгохын тулд бусдад нөлөөлж, “Хөх бүрдний эх” ХХК-д санхүүжилт олгуулсны хариуд 2024 оны 1-9 дүгээр сарын хооронд нийт 590 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон юм.
Мөн төрсөн ахынхаа нэр дээр орон сууц захиалах гэрээ байгуулж, нэг бус үл хөдлөх хөрөнгө худалдан авч үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт буруутгагдсан аж. Сангийн яамны газрын дарга асан Б.Доржсэмбэдийн хэрэгт Нийслэлийн татварын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Нармандах болон барилга угсралт, худалдаа, үйлчилгээний “Хөх бүрдний эх” ХХК-ийн захирал Н.Энхтайван нарыг хамтатган шалгасан байна.
Татварын байцаагч Д.Нармандахын хувьд тус компанийн татвар төлөлтийг шалгасан гэнэ. Энэ үед “Хөх бүрдний эх” ХХК-ийн захирал Н.Энхтайван 2024 оны арваннэгдүгээр сард 40 сая төгрөгийн хахууль өгчээ. Сангийн яамны газрын дарга асан Б.Доржсэмбэд, татварын байцаагч Д.Нармандах нарт Эрүүгийн хуулийн 22.4-1 дэх хэсгийн нийтийн албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэсний хариуд хахууль авсан гэх заалтын дагуу прокуророос яллах дүгнэлт үйлдсэн байна. Мөн Б.Доржсэмбэдэд тус хуулийн 22.10-1 дэх хэсгийн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэсэн заалтаар яллагдагчаар татсан аж.
Харин “Хөх бүрдний эх” ХХК-ийн захирал Н.Энхтайванд өөртөө давуу байдал бий болгох зорилгоор өөрийн үеэл дүүгээр дамжуулан албан тушаалтнуудад хахууль өгсөн үндэслэлээр мөн хуулийн 22.5-1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.