Хүрээ цам–Даншиг наадам энэ амралтын өдрүүдэд Хүй долоон худагт болно
Нийслэлийн иргэдийн өдөрт зориулсан “Хүрээ цам–Даншиг наадам 2026” энэ сарын 27-28-ны өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдана.
Монголын шашин, соёлын өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх зорилготой тус наадмын үеэр цам харайх ёслол, хүчит бөхийн барилдаан, хурдан болон жороо морины уралдаан, сур, шагайн харваа зэрэг үндэсний уламжлалт арга хэмжээ болох юм.
Мөн лам нарын ном хаялцах, мэтгэлцээн, балин тосон урлалын үзүүлбэр, сор залах ёслол зэрэг шашин, соёлын онцлог үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа, нийслэлийн есөн дүүргийн соёл урлагийн тоглолт иргэдэд хүрэх бөгөөд дотоод, гадаадын жуулчдад Монголын өв соёлыг сурталчлах ач холбогдолтой гэж зохион байгуулагчид онцолж байна. Наадмын үеэр иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх үүднээс Хүй долоон худаг чиглэлд нийтийн тээврийн тусгай үйлчилгээ ажиллуулах бөгөөд зарим чиглэл үнэ төлбөргүй үйлчлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.