ЗГХЭГ-аас ЗТЯ-ны албан тушаалтанд хариуцлага тооцох шаардлага хүргүүлжээ
Зам, тээврийн яам (ЗТЯ), түүний харьяа агентлаг болох Иргэний нисэхийн ерөнхий газарт авлигын гэмт хэрэг удаа дараа гарсаар буй. Заримыг нь шүүх шийдвэрлэж, нэг хэсэгт нь мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор энэ оны тавдугаар сарын 12-ны дугаартаа “ИНЕГ-т авлигын эрсдэл өндөртэйг мэдээгүй л байна уу, Б.Дэлгэрсайхан сайд аа” нийтлэл уншигчдад хүрсэн.
Түүнд “ИНЕГ нь 720.5 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх зургаан тээврийн хэрэгслийг ЗТЯ, ИНҮТ болон орон нутаг дахь нисэх буудалд үнэ төлбөргүйгээр ашиглуулж буй аж. Тэдгээрийн дулаан зогсоолын зардалд өнгөрсөн өвөл гурван сая гаруй төгрөг зарцуулсан гэнэ. Нэг машинд гурван сая уу, эсвэл зургууланд нь нийт ийм хөрөнгө зарцуулсан уу гэдэг нь тайлангаас тодорхой харагдахгүй байгаа юм.
Уг нь Төсвийн тухай хуулийн 16.5.5-д “Батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6.1-д “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл юм. Тухайлбал, ИНЕГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 9113 УКН гэсэн цэнхэр дугаартай тээврийн хэрэгслийг ЗТЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийн газрын даргаар ажиллаж буй нэгэн 150 км-ийн хязгаартайгаар шатахуун, дулаан зогсоолын төлбөр зэргийг гаргуулан ашиглаж буйг аудитын байгууллагынхан тогтоосон юм байна. Түүгээр ч зогсохгүй хувийнхаа жолоочийн цалинг ИНЕГ-аас гаргуулж байсан...” гэдгийг тодорхой дурдсан.
ЗТЯ-ы уг газрын даргын албан үүргийг З.Туяа гэх хүн 2025 оны наймдугаар сараас түр орлон гүйцэтгэж өнөөдрийг хүрч буй аж. Тэрбээр энэ албан тушаалд томилогдсоноосоо хойш өнөөг хүртэл ИНЕГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй автомашин дайчлан гаргуулсан нь аудитын дүгнэлт, албан шаардлагаар тодорхой болсон байна. Хуулийн хэд хэдэн заалт зөрчин албаны тээврийн хэрэгсэл ашиглах эрхгүй атлаа унаад зогсохгүй жолооч Б-ын цалинг ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвийн Газрын тусгай үйлчилгээний авто баазын зардлаас гаргуулдаг байж.
АТГ-аас уг нийтлэлд дурдагдсан уг асуудалтай холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаад хариуцлага тооцуулах тухай албан бичиг Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-т хүргүүлжээ. Харин ЗГХЭГ-аас уг албан бичгийг ЗТЯ руу шилжүүлсэн байна.
Уг нь Авлигын эсрэг хуульд зааснаар “АТГ-аас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан авлига гарах нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзсэн тушаал, шийдвэр, журам, дүрмийг АТГ-аас өгсөн саналын дагуу дахин хянаж хүчингүй болгох буюу өөрчилнө.
Авлигаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх үүргээ биелүүлээгүй албан тушаалтанд эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл хүлээлгэнэ” гэж заасан байдаг. Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэн Авлигын эсрэг хуулийг биелүүлэх, эсэхийг харах л үлдлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.