🔴Орон нутгийн нөхөн сонгуульд 46 мандатаас МАН 56.5 хувийн саналаар ялалт байгуулжээ
Монгол ардын нам орон нутгийн нөхөн сонгуульд илүүрхэж, нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн саналаар ялалт байгуулжээ. Энэ талаар Монгол ардын намын удирдах зөвлөлөөс сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
МАН-ын ЕНБД Я.Содбаатар:
-Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (ИТХ) нөхөн сонгууль 2026 оны зургаадугаар сарын 21-ний өдөр улс орон даяар зохион байгуулагдлаа. Энэ удаагийн нөхөн сонгуулиар таван аймгийн ИТХ-ын есөн мандат, 15 аймгийн сумын ИТХ-ын 37 мандат буюу нийт 46 мандатын төлөөх өрсөлдөөн болсон. Сонгуульд Монгол Ардын Намаас (МАН) 42, Ардчилсан Намаас (АН) 40, ХҮН намаас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, Иргэний зориг ногоон нам, Их намаас тус бүр нэг, мөн таван бие даагч буюу нийт 93 нэр дэвшигч өрсөлдлөө.
Сонгуулийн ерөнхий хороо болон холбогдох байгууллагуудаас гаргасан эцсийн дүнгээр, нийт 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн саналаар ялалт байгуулсан. Харин АН 17 мандат (36.9 хувь), ХҮН нам нэг мандат авсан. Хоёр бие даагч сонгогдсон. Аймгийн ИТХ-ын есөн мандатын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн есөн нэр дэвшигч 100 хувийн санал авлаа.
Сонгууль Увс, Өвөрхангай, Дундговь, Төв, Дархан-Уул зэрэг баруун, хангай, төв, говийн бүсийн төлөөлөл бүхий аймаг, сумдад явагдсан. МАН-ын шинэ удирдлагын зүгээс "МАН ард түмэндээ эргэн ирнэ" уриатайгаар ажиллаж, шинээр сонгогдсон намын дарга Н.Учрал 11 аймагт, Ерөнхий нарийн бичгийн дарга болон ажлын хэсэг 19 аймагт очиж ажилласан.
"Ардын нам ард түмэнтэйгээ" аяны хүрээнд Монгол Улсын 330 сумын анхан шатны байгууллагууд дээр иргэд, гишүүдтэй уулзаж, "МАН 3.0" дижитал платформд шинэ гишүүдийг бүртгэх ажлыг улс орон даяар өрнүүлж байна
Намын Бага хурлын шийдвэрээр мөрийн хөтөлбөрийн биелэлтэд хяналт тавих газар болон УИХ-ын гишүүдээр ахлуулсан бодлогын 11 хороог байгуулан ажиллаж байгаа. 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар намын мөрийн хөтөлбөрийн биелэлт 29.6 хувьтай, харин Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт 40 орчим хувьтай гарсан. Намын зүгээс бодит үр дүн гаргах чиглэлд шахаж ажиллаж байна. Энэ хаврын чуулганаар татвар, тэтгэвэр, эрчим хүчний шинэчлэл болон хөгжлийн том төслүүдийг урагшлуулах хууль тогтоомжуудыг өргөн барилаа.
Намын 31 дүгээр их хурлаар нам доторх хагарал, "30 ба 38"-ын бүлгийн зөрчилд цэг тавьсан. Хурлаар шинэ үеийн төлөөлөл болсон залуу удирдлагыг сонгосноор ойлголцлын асуудлууд бүрэн шийдэгдсэн. Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэгт ямар нэгэн хуваагдал байхгүй, нийслэлийн намын хорооны хурлын тов одоогоор Удирдах зөвлөлийн түвшинд товлогдоогүй байгаа.
Намын рейтингийн тухайд, МАН-аас өнгөрсөн тавдугаар сард улс даяар хийсэн томоохон судалгаагаар МАН 19.6 хувийн рейтингтэй гарч, АН-аас 13 орчим пунктээр илүү явж байгаа. Судалгаагаар аль ч улс төрийн намыг дэмжихгүй гэх иргэдийн хувь өндөр байгаа нь олон нийт улс төрийн хэрүүл тэмцлээс залхаж, улс орны хөгжлийн төлөө хамтран ажиллахыг шаардаж буйн илэрхийлэл гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.