Ч.Төгсдэлгэрийг хилээр гарахыг хязгаарлаж, нөхрийг нь цагдан хорив

Ч.Төгсдэлгэрийг хилээр гарахыг хязгаарлаж, нөхрийг нь цагдан хорив

Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг нөхрөөрөө дамжуулан барилгын Жэй Ти Эс Жи компаниас хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж байна.

Нийслэлийн прокурорын газраас хүргүүлсэн саналыг үндэслэн түүний нөхөр Б.Өсөхбаярт энэ сарын 5-нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах захирамж Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс гаргаж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461-д ангид хорьжээ. Харин Ч.Төгсдэлгэрийн хувьд хөл хүндтэй учраас цагдан хорих боломжгүй аж.

Тиймээс шүүх түүнийг Монгол Улсын хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ энэ сарын 9-нд авсан байна. Бидэнд олдсон мэдээллээр Ч.Төгсдэлгэр нь барилга хүлээн авах Улсын комиссын актад гарын үсэг зурсныхаа хариуд Жэй Ти Эс Жи ХХК-ийнхнаас хахууль авсан гэнэ.

Нийслэлийн прокурорын газраас Ч.Төгсдэлгэрт Эрүүгийн хуулийн 22.1-ийн албан тушаалаа урвуулан ашигласан, 22.4-ийн нийтийн албан тушаалтан бусдаас хахууль авсан хэмээн яллагдагчаар татсан бөгөөд нөхөр Б.Өсөхбаярыг нь хамжигчаар хамтран оролцсон гэж буруутгаж буй аж. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарын үсгээ “үнэлж” өөр компаниудаас хахууль авсан үйлдлүүд гарч ирсэн гэнэ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.