🔴Х.Тэмүүжин: Бие даасан, хараат бус Үндсэн хуулийн шүүхтэй болох нь иргэдийн хамгийн том хожил болно

AI хөрвүүлсэн

УИХ дахь Ардчилсан намын ээлжит 4:11 мэдээллийн цагаар УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар мэдээлэл өглөө. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан эрх, эрх чөлөөгөө баталгаатай эдлэх, зөрчигдсөн тохиолдолд түүнийгээ шийдвэрлүүлдэг бие даасан, хараат бус Үндсэн хуулийн шүүхтэй болох нь иргэдийн хамгийн том хожил. Энэ шинэчлэл хэрэгжсэнээр өөрийн эрх мэдэл, Үндсэн хуульд заасан чиг үүргээсээ халин, хязгааргүй мэт авирлаж байгаа төрийн байгууллага, албан тушаалтнуудын эрх мэдэл хумигдаж, иргэний үндсэн эрхийн хил хязгаар дотор ажилладаг болно. Ингэснээр 1992 оны Үндсэн хуулийн амин сүнс болох төр засаг иргэнийхээ төлөө оршин тогтнодог үзэл санаа бодитоор амилж, Үндсэн хуулийн цэц (ҮХЦ) жинхэнэ утгаараа Үндсэн хуулийн шүүх болж хувирах боломжтой.

Олон улсын туршлагаас харахад, ХБНГУ-ын Үндсэн хуулийн шүүхийн шийдвэрлэдэг маргааны 94 хувийг зөвхөн иргэний үндсэн эрхийн маргаан, дөрвөн хувийг эрх мэдэл хуваарилалтын маргаан, үлдсэн хоёр хувийг хууль тогтоомж Үндсэн хууль зөрчсөн эсэх хяналт эзэлдэг байна. Гэтэл манай Үндсэн хуулийн цэц зөвхөн энэхүү хоёр хувийн ажлыг хийж, цаана байгаа 98 хувийн ажлыг огт хийхгүй байгаа. Тиймээс Цэцийг үндсэн ажилд нь оруулж, иргэний эрх болон эрх мэдэл хуваарилалтын маргааныг шийддэг болгосноор улс төрийн шүүх байхаа болино. Иргэнийхээ эрхийн төлөө ажилладаг Үндсэн хуулийн манаачийн суурь ажил руу нь чиглүүлэх шаардлагатай. 

Хууль санаачлагчийн зүгээс төслөө татаагүй. УИХ дахь хоёр том бүлэг болох Ардын нам болон Ардчилсан намын хооронд зөвшилцөл хийгдсэн. УИХ-ын даргыг намаасаа түдгэлзүүлэх нь арай хатуу заалт гэж үзсэн учраас үүнийг болиулж, УИХ-ын дарга төвөггүй, улс төрийн намын нөлөөллөөс ангид байх зарчмыг хуульчлахаар гурван зохицуулалтыг тохиролцсон.

Нэгдүгээрт, УИХ-ын дарга намын болон бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохгүй. Бүлгийн хуралд оролцох тохиолдолд цөөнхийн бүлэг болон бусад намын удирдлагуудад урьдчилан мэдэгдэнэ. Хоёрдугаарт, өмнө нь УИХ-ын дарга нар намын даргын албан тушаалын төлөө суудлаасаа огцорч байсан түүхийг давтахгүйн тулд УИХ-ын дарга намын даргын сонгуульд өрсөлдөхгүй, намын улс төрд идэвхтэй оролцохгүй байх зарчмыг үйлчлүүлнэ. Гуравдугаарт, олон нийттэй харилцахдаа төв байр сууриа хадгалж, аль нэг намыг төлөөлөхгүй, намын бодлого, ашиг сонирхлыг илэрхийлэхгүй байхаар хуульчлахаар тохирсон. Энэ тохироондоо Ардын нам хэр үнэнч байхыг харах хугацаа үлдлээ.

Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дууссан асуудал дээр бид хатуу байр суурьтай байгаа. Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон, хуулиар эрх мэдэлгүй болсон албан тушаалтан ҮХЦ-ийн нэрийг ашиглан шийдвэр гаргадаг, улс төрийн шийдвэр гаргахад оролцдог байдлыг таслан зогсоох ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.