Дархан-Уул дахь Улсын нөөцийн салбарын албан тушаалтнуудад ял шийтгэв
ОБЕГ-ын харьяа Дархан-Уул аймаг дахь Улсын нөөцийн салбарын даргаар ажиллаж байсан Б.Галмандах, нярав Ц.Алтан-Очир нарт холбогдох хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалан хэлэлцлээ. Тэд 2015 оны тавдугаар сарын эхээр эрх мэдлээ ашиглан Х.Оргилболдын үүсгэн байгуулсан “Өгөөж-Андууд” ХХК-д давуу байдал олгосон гэх хэрэгт холбогдсон юм.
Тодруулбал, Улсын нөөцийн салбарын үрийн нөөцийн агуулахаас 80 гаруй сая төгрөгийн үнэ бүхий “Дархан-144” элит сортын 89 тонн улаан буудайн үрийг зээлээр олгох гэрээ, хэлцэлгүй, төлбөр тооцоо хийгээгүй “Өгөөж-Андууд” ХХК-д олгосон байдаг. Түүнийгээ нуун далдлах гэж дээрх хэмжээний улаан буудайн үр байгаа мэтээр тайлан, мэдээ, данс, бүртгэлдээ тусгасан, өөр төрлийн энгийн улаан буудайг нөөцдөө авсан хэрэгт холбогдсон юм. Мөн Б.Галмандахыг албан тушаалаа урвуулж, өөр нэг аж ахуйн нэгжид 21.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий дээрх сортын буудай олгож, улсын нөөцөд хохирол учруулсан хэмээн АТГ-ынхан 2018 оноос хойш шалгасан билээ.
Уг хэргийг Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс Б.Галмандах, Ц.Алтан-Очир албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон гэм буруутайд тооцов. Улмаар Б.Галмандахын нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг нь хязгаарлажээ. Ц.Алтан-Очирт нэг жил зургаан сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж, төрийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хаслаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.