🔴УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Засгийн газар Оюутолгой компанитай хийх хэлэлцээрээ яаравчлах шаардлагатай
Оюутолгойн зэсийн баяжмалын экспортын замыг тэмцэгчид хаасантай холбоотойгоор үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байна. Замыг хааснаар хоногт дунджаар 4.3-4.9 тэрбум төгрөгийн орлого алдаж байгааг албаныхан мэдээлж буй ч нөгөө талдаа Монгол Улс өдөрт 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байгаа нь бодит үнэн юм. Оюутолгойн Хянан шалгах түр хорооны сонсголын үр дүнд иргэд мэдээлэлтэй болж, өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэлсэн бөгөөд үүнийг буруутгах аргагүй гэж УИХ-ын гишүүн О.Батнайрамдал үзэж байна.
Үндсэн хуулийн 6.2-т зааснаар байгалийн баялаг нь ард түмний өмч бөгөөд түүний үр өгөөжийн дийлэнх нь баялгийн сангаар дамжин иргэдэд очих ёстой. Мөн иргэд баялгийн зарцуулалтын талаар мэдээлэлтэй байх, мэдэх эрхээр хангагдах хуультай. Оюутолгойн төслийн хүрээнд сүүлийн 17 жилийн турш үүссэн маш их хэмжээний зээл, зардал, менежментийн алдаа дутагдлыг олон нийт тэр бүр цогцоор нь ойлгодоггүй байсан бол өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, мэдээлэлтэй иргэд шаардлагаа тавьж байна.
Засгийн газрын зүгээс Рио Тинто компанитай хийх хэлэлцээрийг яаравчлах шаардлагатай байна. Улсын Их Хурлаас гаргасан 120 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажил бараг долоон сарын нүүр үзэж байгаа ч шийдэлд хүрээгүй байна. Өдөр бүр төлөгдөж буй 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү цаашид өссөөр 2027 он гэхэд өдөрт 16-17 тэрбум төгрөгт хүрэх тооцоо бий. Иймд цаг алдалгүй шийдэл гаргаж, хүүгийн дарамтыг бууруулах нь Засгийн газрын нэн тэргүүний зорилт байх ёстой.
Засгийн газрын хуралдаанаар экспортын зам хаасан тэмцэгчдэд хариуцлага тооцох үүргийг холбогдох сайдад өгсөн гэх мэдээлэл бий. Гэвч иргэд Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд бухимдлаа илэрхийлж байгааг буруутгах аргагүй юм. Жагсагчдыг "төлбөртэй, захиалгатай" хэмээн янз бүрээр тайлбарлаж болох ч олон нийтийн дунд бодит бухимдал байгааг үгүйсгэх аргагүй. Улс орны хамгийн том баялаг гадагшилж байхад амласан үр өгөөж нь иргэдэд наалдахгүй, өрийн дарамт нэмэгдсээр байгаад иргэд цөхөрч, шийдэл нэхэж байна гэж УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хэллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.