🔴УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Уул уурхайн том төслийг эсэргүүцдэг шантаачид тэрбумтан болж байна
“Төсөл зогсоох нь шантаажчдыг өөгшүүлж буй хэрэг” хэмээн Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ
Тээврийн замыг тэмцэгчид хааснаас үүдэн хоногт 4.3 орчим тэрбум төгрөгийн алдагдал хүлээж буй асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэхүү нөхцөл байдал болон улс орны хөгжлийг хойш татаж буй мега төслүүдийн гацааны талаар Байгаль орчны сайд асан, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрбээр эдийн засагт чухал ач холбогдолтой төслүүдийг хууль бусаар зогсоодог, тэмцлийн нэрээр шантааж хийдэг бүлэг хүмүүстэй хуулийн хүрээнд хатуу тэмцэх шаардлагатайг онцолсон юм.
Саяхан Халзан бүргэдэй төслийн асуудлаар УИХ-д хяналтын сонсгол зохион байгуулж, уг төслийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан. Гэвч УИХ-ын дарга тус газарт очиж, иргэдийн шаардлагаар төслийг зогсоосон нь хууль засагладаг улсад байж боломгүй үйлдэл хэмээн тэрбээр шүүмжлэв. Түүнчлэн тухайн үеийн орон нутгийн Засаг дарга нь төслийг дэмжсэн бичиг баримт үйлдэж өгчихөөд, сонсголын үеэр эсэргүүцэж суусан нь бодит факт гэдгийг дурдлаа. Төрийн өндөр албан тушаалтнууд хуулийн дагуу шийдвэр гаргахын оронд олон нийтэд таалагдах гэж попорч, мега төслүүдийг дур мэдэн зогсоож байгаа нь эдийн засагт асар их хохирол учруулж байгааг тэрбээр сануулав.
Өнөөдөр манай улсад байгаль орныг хамгаалах нэрээр шантааж хийх нь нэг төрлийн "мэргэжил" болон хувирсанд УИХ-ын гишүүн харамсаж буйгаа илэрхийллээ. Эх оронч дүр эсгэж, олон нийтээс хандив цуглуулан, уул уурхайн компаниудыг дарамталдаг хүмүүс богино хугацаанд тэрбумтан болж, үнэтэй автомашин хөлөглөн, хауст амьдарч байна. Төр засаг эхнээс нь хуулийн хатуу хариуцлага тооцож чадаагүйгээс үүдэн дараагийн шинэ шантаажчид төрөн гарах хөрс бүрдсэн бөгөөд энэхүү гаж тогтолцоог нэн даруй таслан зогсоох ёстойг тэрбээр анхааруулсан юм.
Улс орон даяар цалин, тэтгэвэр нэмэхийг шаардаж байгаа энэ үед эдийн засгийн гол хөдөлгүүр болсон уул уурхайн төслүүдийг эсэргүүцэх нь утгагүй хэрэг гэдгийг тэрбээр тэмдэглэв. Монгол Улсад Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль гэж бий. Хэрэв хуулийн дагуу хийгдсэн үнэлгээний дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй юм бол энэ хууль болон үнэлгээ хийдэг мэргэжлийн байгууллагууд байх шаардлагагүй болно. Төслийн том, жижиг нь чухал биш, тэдгээрийн ард ажлын байр, иргэдийн орлого, улсын төсөв явж байдаг тул хууль дээдлэх зарчмыг хүн бүр мөрдөх ёстойг санууллаа.
Олон нийтэд таалагдах шийдвэр гаргахыг хүсэж байгаа бол төсөл зогсоох биш, харин инфляцыг бууруулж, цалин тэтгэврийг нэмэхэд анхаарах хэрэгтэйг тэрбээр зөвлөв. Засгийн газраас хэрэгжүүлж буй мега төслүүдийг хэн нэгэн албан тушаалтан эсвэл хэсэг бүлэг шантаажчдын шаардлагаар зогсоодог байдлыг таслан зогсоож, Монгол Улс хуультай, засаглалтай улс гэдгийг хатуу сануулах цаг болсныг УИХ-ын гишүүн, Байгаль орчны сайд асан онцлон тэмдэглэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.