19 үхрийн зохиомол хээлтүүлэгч танилууддаа өгсөн хэргийг шалгаж дуусав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяанд байдаг Малын удмын сангийн үндэсний төв (МУСҮТ)-ийн албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашиглаж, өндөр ашиг шимтэй малын хээлтүүлэгчийг хамаарал бүхий хүмүүстээ олгосон хэрэгт холбогдуулан шалгаж дуусжээ.
Дархан-Уул аймагт байрладаг тус төв нь зохиомол хээлтүүлгийн аргаар өндөр ашиг шимтэй мал гарган авах зэрэг үйл ажиллагаа явуулж, 60-аад үүлдэр, омгийн хээлтүүлэгчээс үр үйлдвэрлэн аж ахуйн нэгжүүдэд олгодог. Эл сангийн албан тушаалтнууд багтсан ажлын хэсгийн хамтын шийдвэрээр аж ахуйн нэгжүүдэд түрээсээр, тодорхой хэмжээний хөрөнгө барьцаалан өгөхөөр холбогдох эрх зүйн баримт бичигтээ тусгасан байдаг аж.
Гэтэл МУСҮТ-ийн Үйлдвэрлэл, технологийн албаны дарга Н.Бархас нь албан тушаалаа урвуулж, төлөвлөлт хариуцсан эдийн засагч Э.Ундрал гэх хүнтэй хамтран “Ангус”, “Лимузин” үйлдрийн 19 зохиомол хээлтүүлэгчийг өөртөө болон бусдад олгож, төрд нийт 221.9 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагдсан гэнэ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан” хэмээн яллагдагчаар тооцсон бөгөөд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн уг хэргийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.