🔴О.Цогтгэрэл: УИХ-ын гишүүд иргэдийнхээ авч байгаа дундаж цалин болох 2.7 сая төгрөг авдаг болъё

AI хөрвүүлсэн
УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, бүлгийн гишүүдэд эрүүл мэндийн салбарын үйлчилгээ, ЭМД-ын санхүүжилт, ажилтнуудын цалингийн талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл өгчээ. Мөн УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан нарын өргөн барьсан Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн танилцуулгыг сонссон байна. Бүлгээс Сонгуулийн хууль, Төрийн албаны хууль, Засаг захиргааны хууль дээр ажлын хэсэг байгуулах шийдвэр гаргажээ.
 
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:
-Эрүүл мэндийн салбарын санхүүжилт нураад, иргэд ЭМД төлөөд үйлчилгээ авч чаддаггүй, төсвийн их мөнгө үр дүнгүй зарцуулагдаж, эмнэлгээс гадуур нас баралт өндөр байна. Ажилтнуудын дундаж цалин 2.5 сая төгрөг буюу улсын дундаж цалин болох 2.7 саяас бага байна. Боловсролын салбар ч мөн адил бага байгаа. Гэтэл сайд нар өөрийн салбарын цалинг мэдэхгүй байгаа нь эмгэнэлтэй. Монгол Улсынхаа иргэдийн дундаж цалинг УИХ-ын гишүүд авдаг байвал ямар вэ? Салбарынхаа дундаж цалингаар салбарын сайд нар цалинждаг бол бодит мэдээлэлтэй болж, цалинг нэмэгдүүлэх талаар боддог болно.
Бүтээмж, эх үүсвэргүйгээр цалин нэмнэ гэдэг үнийн өсөлт, инфляц л дагуулна. Цалинг гурван төгрөгөөр нэмэхэд үнийн өсөлт бараг дөрвөн төгрөгөөр нэмэгдэнэ. Цалинг ингэж нэмэх ямар ч хэрэгцээ шаардлагагүй. Бүтцийн өөрчлөлт, шинэчлэлтийн дагуу асуудалд хандах хэрэгтэй. Багш, эмч нарын цалин, ажил хаялтыг системтэй шийдэхгүй бол дуусахгүй. МАН олонх болоод засаглаж чадахгүй, албан тушаалын төлөө галзуурч байна. 
Төсвийн ажлын хэсгийн дүгнэлтээр урсгал зардлыг бууруулж, цалин нэмэх боломж бий. Төрийн өмчит компаниуд, Үндэсний баялгийн сангийн хуулийг бэлтгэж байгаа бөгөөд баялаг иргэдэд өмч болж очих ёстой гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.