Хангайд ус, говьд мөнгө
Байгаль цаг уурын өөрчлөлтөд хамгийн их нэрвэгдэж байгаа бүс нутаг бол говь юм. Гадаргын усанд халгаатай энэхүү өөрчлөлт ус чандмань эрдэнэ болсон говийн бүс нутагт усыг хэзээ хэзээнээс илүү тэнгэрт хадсан үнэтэй болгож орхилоо.
Уул уурхайгаа дагаад говь нутаг мөнгөний эх уурхай болсон. Зөвхөн Өмнөговь улсын төсөвт оруулдаг мөнгөөрөө 21 аймгийг манлайлж байгаа. 2026 онд улсын төсөвт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр баталсан нь долоон аймаг болон нийслэлээс төвлөрүүлэх нийт орлогын 70 гаруй хувийг ганцаараа бүрдүүлж байгаа юм. Уут дүүрэн алт байлаа ч усны асуудал хонх дэлдсэн хэвээр л байна.
Энэ тухайд УИХ-ын гишүүн, Өмнөговь аймгийн уугуул Р.Сэддорж нэгэнтээ "Говьд ганц дутагдаж байгаа зүйл нь ус. Хэрлэн, Орхон голоос ус татахад байгаль орчин, усны урсацад нөлөөгүй гэдэг нь судалгаагаар тогтоогдсон. Таван хувийг нь хуримтлал үүсгээд татаж авна.
Булган аймаг Эрдэнэт үйлдвэрт ус нийлүүлээд жилд 30 гаруй тэрбум төгрөг олдог.
Үүн шиг, Хэнтий, Өвөрхангай аймгууд говьд ус нийлүүлээд жилд 70-100 тэрбум төгрөг олох боломжтой" хэмээн ярьсан байдаг.
Хэрлэн-Тоонот төслийг хэрэгжүүлэх гэхэд тухайн үед Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ оройлон эсэргүүцсэн. Нутгийн ард олны байр суурь байсан биз ээ. БНХАУ-ын талаас ч Далай нуурын гол цутгал болох Хэрлэн голыг говь руу урсгахыг таашаахгүй байх шалтгаан буй тул олон шатанд лобби хийсэн сураг байдаг.
Хэрлэн-Тоонот бүтэхгүй бол дараагийн хувилбар болох Орхон-Онги ус дамжуулах төслийг хэлэлцэж эхэлмээр байх юм. Р.Сэддорж гишүүний хувьд “говийг устай болгоно” хэмээн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан. 28 онд “устай болгож чадсангүй ээ” гэж хэлэхэд халуухан ч ямар хэмжээний хичээл зүтгэл гаргаснаа тайлагнах л ёстой болж таарна. Өвөрхангай аймгийн удирдлагууд ч гэсэн говьчуудын амлаад байгаа тэрхүү 70-100 тэрбум төгрөгийг хараад юм бодогдохгүй байна гэж баймгүй л юм.
Говийн малчид 1 литр усыг уул уурхайн компаниудаас хоёр дахин их үнээр худалдаж авч хэрэглэж байна. Цаашид энэ бүс нутгийн эдийн засаг уул уурхайгаа дагаад улам өснө. Ус юу юунаас илүү их хэрэгтэй болно.
Говьд мөнгө байгаад байдаг. Гэтэл ус байдаггүй. Хангайд ус байгаад байдаг. Энэ эрэлт, нийлүүлтийг даруйхан нийлүүлмээр л байх юм. Говиос сонгогдсон гишүүд тулга тойрсон хэрүүл хийж байхаар хичээл зүтгэл гаргамаар байх юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.