🔴Улсын ахлах засуул Т.Хэнбатад хүндэтгэл үзүүлж, 10 сая төгрөг бэлэглэлээ

AI хөрвүүлсэн
🔴Улсын ахлах засуул Т.Хэнбатад хүндэтгэл үзүүлж, 10 сая төгрөг бэлэглэлээ

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Монгол Улсын Даян аварга Баярсайханы Орхонбаяр, Монгол Улсын начин Хангайн Наранбаяр нарын цолны мялаалга наадам үргэлжилж байна. Энэ үеэр даян аварга Б.Орхонбаярыг төрийн наадмын арвын даваанд мөрнөөсөө гаргасан улсын ахлах засуул Т.Хэнбатад хүндэтгэл үзүүлж, 10 сая төгрөг бэлгэллээ.

Улсын ахлах засуул Т.Хэнбат:

-Миний мөрнөөс Дархан, Даян аваргууд төрөн гарч байгаад бөхчүүд маань их бэлгэшээдэг. Дэлгэр сайхан наадмын өргөн дэлгэр баяр тохиож, наадамчин олны сэтгэл тэнийсэн энэ өдрүүдэд олон сайхан ерөөлийн үг сонсож, сэтгэл их өндөр байна. Б.Орхонбаяр дүүгээ удахгүй дархан аварга болохын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье.

Даян аварга Б.Орхонбаяр маань төрийн наадмын үзүүр түрүүнд гарвал Т.Хэнбат ах дээр гарья гэж багштайгаа ярилцдаг байсан юм байна лээ. Энэ жилийн баяр наадмын үзүүр түрүүнд мөрөн дээрээс минь гарч даян аварга цолонд хүрлээ. 

Би ч бас нутаг ус, овоо хайрхан, сайхан хангайдаа залбирч, “Миний мөрнөөс ийм сайхан залуу хүн гарлаа” гэж их бэлгэшээж байсан. Хоёр сайхан залуу хүчтэн маань хоёулаа сайхан бэлтгэлтэй, сайхан барилдсан. Энэ бол нийт монголчуудын, монгол бөхөд хайртай бид бүхний буян заяа, хишиг буян, нутаг ус, аав ээжийн ерөөлтэй холбоотой гэж бодож байна.

Засуулын хувьд үзүүр түрүүнд үлдсэн бөхчүүдтэй гарч, тэднийг засахдаа бидэнд тусдаа эрхэмлэх дүрэм журам бий. Янз бүрийн зүйл хэлж, зааж өгөхөөс илүүтэй “Анхаарал болгоомжтой байгаарай. Тэсвэр тэвчээртэй, хүлээцтэй байгаарай. Хийх гэж байгаа бүх мэхээ зоригтой, шийдвэртэй хийгээрэй” гэж захидаг. Бөхчүүд маань өөрсдөө даваа бүр дээр хэнтэй учрахаа, ямар мэх хийж барилдахаа тооцоолоод гардаг.

Нийт Монголын ард түмэндээ, нийт жаяг дэгийн багийнхандаа, монгол бөхөө дээдэлж, хайрлаж явдаг бүх хүмүүстээ Монгол бөхийн өлзий буян дэлгэрч, цагийн аяс ивээж явах болтугай гэж ерөөе. Сэлэнгэчүүддээ бүгдэд нь сайн сайхны дээдийг өргөн дэвшүүлье гэв. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.