🔴Н.Учрал: Засгийн газар шатахууны нөөцийг 60 хоногт хүргэж, үнийн өсөлтийн шокоос иргэдээ хамгаална
Монгол Улсын Засгийн газраас шатахууны хангамж, нөөцийг нэмэгдүүлэх, үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, бүтээн байгуулалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ. Засгийн газрын тэргүүн болон холбогдох албаны төлөөлөгчид "Сан Петролиум" компанийн шинээр барьж буй шатахуун хадгалах агуулахын ажилтай газар дээр нь очиж танилцлаа.
"Сан Петролиум"-ийн агуулах ашиглалтад орсноор Улаанбаатар хотын 13 хоногийн нөөц бүрдэнэ.
Засгийн газрын мэдээлснээр, "Сан Петролиум" компани нийт 16 мянган м³ буюу ойролцоогоор 14.5 мянган тонн багтаамжтай шатахуун хадгалах агуулахын бүтээн байгуулалтыг өнгөрсөн оны наймдугаар сард эхлүүлсэн бөгөөд өдгөө гүйцэтгэл нь 95 хувьд хүрээд байна. Тус агуулахыг энэ оны наймдугаар сарын 20-ны дотор бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг Засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Анх гурван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж байсан уг төслийг Засгийн газрын хөнгөлөлттэй зээлд хамруулснаар ажлыг эрчимжүүлж, ийнхүү богино хугацаанд дуусгах шатанд нь оруулсныг онцоллоо.
Тус компанийн үйл ажиллагааны түүхийг сөхвөл, 2019 онд байгуулагдсанаас хойш 1000 м³ багтаамжтай хоёр, 1500 м³ багтаамжтай хоёр савыг түрээсээр ашиглаж иржээ. Улмаар 2025 онд 2000 м³ багтаамжтай дөрвөн сав буюу 8000 м³ агуулахыг барьж байгуулсан бөгөөд үлдсэн найман савны угсралтад Засгийн газраас 10 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт олгосныг албаныхан мэдээлэв. Нийт 28.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаас 10 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээлээр шийдэж, хүүгийн татаасыг төрөөс хариуцсан байна. Энэхүү 16 мянган м³ багтаамжтай сав ашиглалтад орсноор зөвхөн АИ-92 шатахууны нөөцөөр Улаанбаатар хотын 13 хоногийн хэрэглээг дангаараа хангах боломж бүрдэж байгааг мэдээллээ.
Уг бүтээн байгуулалтыг дотоодын үндэсний аж ахуйн нэгж болох "Мөнгөн Сав Томоо" компани чадварлаг боловсон хүчний хүчээр, урин дулааны цагийг ашиглан богино хугацаанд гүйгэтгэсэн байна. Тус агуулах нь олон улсын стандарт, аюулгүй ажиллагааны дэвшилтэт технологиудыг шингээсэн бөгөөд галын дохиоллын болон гал унтраах автомат системтэй аж. Мөн савнууд нь дотор талдаа хамгаалалтын бүрхүүлтэй тул бүтээгдэхүүний чанарыг муутгахгүй, савны эдэлгээг уртасгах давуу талтайгаас гадна ууршилтыг багасгах, бүтээгдэхүүний хорогдлыг бууруулах зорилгоор хөвөгч дээвэр суурилуулсныг танилцууллаа.
Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд улсын хэмжээнд 22 байршилд, бүсчилбэл зургаан бүсэд шатахуун хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх ажил өрнөж байгааг мэдээлэв. Мөн энэ ондоо багтаан улсын хэмжээнд хадгалах хүчин чадлыг 15 хоногоор нэмэгдүүлж, 45 хоногт хүргэхээр ажиллаж байна. Ирэх оны наймдугаар сар гэхэд улсын нөөц хадгалах чадамжийг 60 хоног буюу хоёр сард хүргэх зорилт тавьснаа дурдав.
Засгийн газрын зүгээс шатахууны нөөцийн сав барих ажлыг дэмжих хуулийг УИХ-аар батлуулж, хөнгөлөлттэй зээл олгож эхэлжээ. Нийт 1.3 сая м³ нөөцийн сав барьж байгуулах зорилтын хүрээнд энэ онд 20 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг төсөвт тусган шийдвэрлэсэн байна. Үүний үр дүнд энэ намар гэхэд 150 мянган м³ буюу төлөвлөсөн хүчин чадлын тал хувийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд ингэснээр энэ намартаа багтаж 14 хоногийн илүү нөөцтэй болох юм.
Арилжааны банкны зээлийн хүү 17-18 хувьтай байгаа нь аж ахуйн нэгжүүдэд хөрөнгө оруулалт хийхэд хүндрэлтэй байдаг тул Засгийн газраас зээлийн хүүгийн есөн хувийг төрөөс даах шийдвэр гаргасан байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд 6-7 хувийн хүүтэй зээл авч, бүтээн байгуулалтаа шуурхайлах боломж бүрдэх юм. Ирэх оны төсөвт нефть, шатах тослох материалын агуулах барих ААН-үүдэд зориулж 60 тэрбум төгрөгийн зээлийн хүүгийн татаасыг төлөвлөөд байгааг Засгийн газраас мэдэгдэв. Мөн "Сан Петролиум" компанийн сул байгаа нэг га газарт дахин 20 мянган м³ хүртэлх сав барих боломжтойг тус компанийн удирдлагууд илэрхийллээ.
Одоогийн байдлаар шаардлага хангасан, газартай, зураг төсөлтэй 18 ААН хүсэлтээ ирүүлж, 22 байршилд 300 мянган м³ савны бүтээн байгуулалтыг хийж байна. Үүнд Дархан, Ховд (10 мянган м³), Өмнөговь, Улаанбаатар зэрэг стратегийн байршлуудыг сонгожээ. Дараагийн шатанд Хөшигийн хөндийн тусгай бүсэд нөөцийн савнуудыг байрлуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.