🔴ЦЕГ: Орон сууцны залилангийн хэргээр 2,918 иргэн 53.3 тэрбум төгрөгөөр хохирчээ
ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны дарга, цагдаагийн хурандаа Очбадрахын мэдээлснээр, цагдаагийн байгууллагаас эхний хагас жилийн байдлаар орон сууцтай холбоотой залилах гэмт хэргийн 419 гомдлыг шийдвэрлэжээ. Үүнээс 31 хэргийг шүүхэд шилжүүлж, дөрвөн хэргийг хэрэгсэхгүй болгон, 109 хэргийг хааж, 275 хэргийг нэгтгэн шалгаж байна.
Одоогийн байдлаар цагдаагийн байгууллагад орон сууцтай холбоотой залилах гэмт хэргийн 282 хэрэг шалгагдаж байгаа бөгөөд үүнд 2,918 иргэн хохирогчоор тогтоогдож, 53.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүнээс захиалгын гэрээг халхавчлан залилсан 114 хэрэг байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 60-70 хувийн гүйцэтгэлтэй зургаан блок орон сууц, дөрвөн блок орон сууц, 35 үл хөдлөх хөрөнгө, захиалгын гэрээтэй 178 орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаад байна.
Хамгийн өндөр хохиролтой, олон оролцогчтой дараах 14 аж ахуйн нэгжид холбогдох хэргийг нэн тэргүүнд шийдвэрлэхээр ажиллаж байна. Үүнд:
"Ангийн зам" ХХК
"Эбо даймонд" ХХК
"Ди ди эм ти пропертиз" ХХК
"Март констракшн" ХХК
"Цобо хаус" ХХК
"Ногоон хөгжил үндэсний нэгдэл"
"Сэд дэвжих" ХХК
"Нарны их групп" ХХК
"Мөнгөнсаран хас" ХХК
"Монте бүрд" ХХК
"Бриллиант партнер" ХХК
"Гранд хөх төв" ХХК
"Цахим цамхаг" ХХК
Эдгээр 14 хуулийн этгээдэд холбогдох хэрэгт 21 этгээдийг холбогдуулан шалгаж байгаа бөгөөд 2,693 иргэнд 35.3 тэрбум төгрөгийн хохирол учруулснаас хохирлын 66.1 хувийг нөхөн төлүүлэх боломжтой гэж дүн шинжилгээ хийжээ.
Улсын ерөнхий прокурорын орлогч Чинбатын мэдээлснээр, 2026 оны зургаадугаар сарын 1-ний байдлаар хэрэг бүртгэлтийн 130 хэрэг, мөрдөн байцаалтын 26 хэрэг шалгагдаж байснаас мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлсний үр дүнд мөрдөн байцаалтын 13 хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Эдгээр хэрэгт 27 хүн холбогдож, 335 иргэн хохирсон байна. Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 102, мөрдөн байцаалтын 13 хэрэгт ажиллагаа үргэлжилж байна.
Ерөнхий сайдын зөвлөх орон сууцны залиланд өртсөн иргэдийг дараах гурван бүлэгт хуваан авч үзэж, асуудлыг шийдвэрлэх шаардлагатайг хэллээ:
-Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдаж, хашаа байшингаа өгөөд 5-10 жил байрандаа орж чадаагүй иргэд.
-Барилгын макет хараад мөнгөө өгч залилуулсан, компани нь мөнгийг нь аваад алга болсон иргэд.
-Санхүүгийн хүндрэлээс болж каркас нь тал хувьдаа очоод зогссон барилгын компаниуд ба тэдгээрийн захиалагчид.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.