Татварын өртэй шатахуун импортлогч ААН-үүдийн дансыг битүүмжлэхгүй
Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штаб хуралдлаа.
Улаанбаатар хотод энэ сарын 4-15-ны өдрийг хүртэл тэгш, сондгой дугаарын зохицуулалтаар нэг удаа 50,000 төгрөгт автобензин олгож буй. Эхний үр дүнд, шатахуун түгээх станцуудын өдрийн борлуулалт хоёр дахин буурч нэг машиныг цэнэглэх хурд нэмэгдсэн болохыг Ашигт малтмал, газрын тосны газраас танилцууллаа.
Автомашины тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар автобензин олгох зохицуулалт хэрэгжиж эхлэхээс өмнөх өдрүүдтэй харьцуулахад замын хөдөлгөөн 30-40 хувиар сэргэсэн болохыг Замын цагдаагийн газрын дарга, хурандаа C.Галбадрах мэдээлэв. Шийдвэр хэрэгжиж эхэлснээр шатахууны оочер дараалал 30-40 хувиар буурч нэг машины цэнэглэх хугацаа гурав дахин багасаж хэрэглэгч 3-4 цаг дугаарладаг байсан бол нэг цаг дугаарлаад автобензин авч байна. Дуудлагын төвийн ачаалал гурав дахин буурсныг нефть импортлогчдын холбооны тэргүүн Ж.Мөнхнаран мэдээлэв.
ОХУ болон БНХАУ-аас импортолж буй шатахууныг шуурхай тээвэрлэж байна. ОХУ-ын “Роснефть” компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс АИ-92 автобензиний ачилтыг тасралтгүй хийж байна. Сүүлийн тав хоногт 162 вагон ачжээ.
2026 оны наймдугаар сарын 1-4-ний өдрийн хооронд ОХУ-аас нийт 106 вагон АИ-92 автобензин, дизель түлш 232 вагон тээвэрлэсэн болохыг Улаанбаатар төмөр зам “ХНН”-ийн Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга Б.Болдбаяр мэдээлэв. 2026 оны наймдугаар сарын 1-4-ний өдрийн байдлаар нийт 11 аж ахуйн нэгж газрын тосны бүтээгдэхүүн импортолсон гэж Гаалийн ерөнхий газраас мэдээлэв. Мөн Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд анхаарч ажиллаж байгааг дуулгалаа.
Татварын ерөнхий газрын нэгдсэн системд шатахуун импортлогч аж ахуйн нэгжийн бүртгэлтэй 162 аж ахуйн нэгж байна. Үүнээс татварын өртэй 142 аж ахуйн нэгжийн дансыг битүүмжлэхгүй байхаар болов. Замын-Үүдийн тээвэрлэлтэд анхаарч тусгайлан шийдвэр гаргахад Зам тээврийн яамтай мэдээллээ нэгтгэж шийдвэрээ танилцуулахыг Ашигт малтмал, газрын тосны газарт үүрэг болголоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.