🔴 ЗГ: Иргэд, ААН-үүд бензин, шатахууныг хүссэн хэмжээгээрээ улсын хилээр оруулж ирэх боломжтой
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар улс орны эдийн засагтай холбоотой хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргалаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар холбогдох сайд нар мэдээлэл өгөв.
Сангийн сайд З.Мэндсайхан:
-Төсвийн зардлын санхүүжилтэд эрэмбэ тогтоож, зардлын тал дээр бүрэн хэмнэлт хийх шийдвэр гарлаа. Үүнтэй холбогдуулан улсын төсвийн зардлыг хэрхэн эрэмбэлж гаргах талаар Засгийн газрын тогтоол гарсан. Төсвийн санхүүжилтийг бүх шатны төсвийн захирагч нарын батлагдсан арга хэмжээнүүдийг бүрэн олгоно. Үүнд төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмж болон эрүүл мэнд, боловсролын салбарын зайлшгүй, онцгой, нэн тэргүүний зардлууд багтана. Төсвийн захирагч нарын Засгийн газрын шийдвэр, тогтоолоор хэрэгжиж буй үйл ажиллагааны зардлууд. Мөн хэмнэж болох бүх зардлууд буюу баяр наадам, уулзалт, тэмдэглэлт ой, цуглаан зэрэг арга хэмжээний зардлуудыг эрэмбэлж, санхүүжилтийг хойшлуулах буюу хэмнэнэ.
2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын төсвийн орлого 14.6 их наяд төгрөг, зарлага 16.7 их наяд төгрөг байна. Урьдчилсан гүйцэтгэлээр улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2.1 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан. Энэ байдлаараа оны эцэст цалин тэтгэврээ тавих, төрөөс санхүүжүүлэх зардал дээр доголдол үүсэж болзошгүй учраас Засгийн газар зардлуудыг эрэмбэлж, хэмнэнэ.
2025 оны төсвийн жилийн өр төлбөрийг 2026 оны төсвөөс урьдчилан санхүүжүүлж, татварын орлогыг урьдчилж авч хэрэглэснээс үүдэн 1 их наяд орчим төгрөгийн татварын орлогын дутагдал үүссэн. Мөн багш, эмч нарын цалингийн зөрүүг арилгахад эрүүл мэндийн салбарт 150 тэрбум, боловсролын салбарт 670 тэрбум буюу нийт 820 тэрбум төгрөгийн нэмэлт эх үүсвэр шаардлагатай болсон.
Үүнтэй холбоотойгоор ирэх 9 дүгээр сард төсвийн хуультай зэрэгцүүлэн улсын төсвийн тодотголыг өргөн барихаар төлөвлөж байна.
Иргэдийн амьжиргаанд дарамт учруулдаг гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт, улирлын шинж чанартай нийлүүлэлтийн шокоос урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газраас тогтоол гаргалаа. Дэлхийн улаан буудайн 20 хувийг нийлүүлэгч ОХУ-д үүссэн нөхцөл байдал болон хөдөө аж ахуйн салбарын эрсдэлийг тооцон, 2027 оны хавар төв суурин газрын иргэдийн хүнсний хангамжийг тогтвортой байлгах урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
Мөн нийслэлтэй хамтран махны нөөцийг бүрдүүлэхдээ Хөдөө аж ахуйн цахим биржтэй хослуулсан цахим бүртгэлийн системийг нэвтрүүлнэ. Хүнсний ногоо, мах хадгалах агуулах, зоорийн цахилгааны эрчим хүчний тарифыг хөнгөлөх, зориулалтын "А" стандартын агуулах бэлтгэхэд зориулж хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг төсвийн тодотголоор шийдвэрлэнэ гэв.
АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:
-Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар Шатахууны хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах шуурхай штабыг байгуулсан. Шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх, ШТС-уудын очер дугаарлалтыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод дараах түр зохицуулалтыг энэ сарын 15-ны өдөр хүртэл мөрдүүлж байна:
- Автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор календарийн өдрөөр хуваарилж хөдөлгөөнд оролцуулах.
- Саванд (канистр) шатахуун олгохыг хориглох (Орон нутагт хамаарахгүй).
- Нэг удаагийн цэнэглэлтэд 50,000 төгрөгийн лимит тогтоох.
Эхний өдрийн байдлаар иргэдийн шатахуун авах хүртээмж 66 хувиар өссөн байна. Шийдвэр гарахаас өмнө Улаанбаатар хотын ШТС-ууд өдөрт 38 мянган машин цэнэглэж байсан бол зохицуулалт хийсний дараа 24 цагийн байдлаар 115 мянган машиныг цэнэглэжээ.
Мөн шатахуун тээвэрлэлтийн явцад хөөсөрч уурших, ШТС-ын саванд юүлсний дараа технологийн дагуу 12 цаг хүлээдэг горимоос шалтгаалж үүсдэг байсан тасалдал арилж, ШТС-ууд шөнөөр нөөцөө бүрдүүлж, өглөө нь хэвийн ажиллах горимд шилжлээ.
Иймд Засгийн газраас "Газрын тосны бүтээгдэхүүний хомсдолоос сэргийлэх зарим арга хэмжээний тухай" тогтоол баталж, нээлттэй гаалийн бодлого хэрэгжүүлэхийг ГЕГ-т даалгалаа. Иргэд өөрийн хэрэгцээнд зориулж 10, 50, 100, 200 литр шатахууныг стандарт, аюулгүй байдлаа хангаж оруулж ирэхэд хил гаалийн зүгээс хүндрэл үүсгэхгүй.
Мөн бүх боомтуудаар орж ирж буй газрын тосны бүтээгдэхүүний гаалийн татварыг тэглэлээ.
Улсын хэмжээнд 3 сарын ердийн хэрэглээг хангах агуулахтай болох хуулийг 2024 оны 12 сард батлуулсан. Энэ хүрээнд 300 мянган м³ багтаамжтай нөөцийн сав барих ажлын тал хувь буюу 150 мянган м³-ийн бүтээн байгуулалт энэ жил дуусна. Ингэснээр 2026 онд 2 сарын, 2028 онд 3 сарын нөөц хадгалах савтай болно.
"Петрочайна" компанитай үүссэн 30 жилийн түүхтэй, 850 гаруй тэрбум төгрөгийн маргааныг Засгийн газар бүрэн шийдвэрлэж, эрх зүйн орчныг баталсан. Үүний үр дүнд газрын тосны хайгуулын 14 талбайг зарлаад байна. Манай улсын жилийн хэрэглээ 3 сая тонн бөгөөд одоогоор 400 мянган тонныг олборлож байна.
БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлээр баригдаж буй үйлдвэрийн ТЭЗҮ-ээр 1.6 тэрбум ам.долларын өртөгтэй баригдахаар тогтсон. Гадаад зээлийн ашиглалтыг сайжруулах тухай хуулийг батлуулснаар санхүүжилтийн гацаа арилж, одоогоор 4500 гаруй хүн өдөр шөнөгүй ажиллаж, барилгын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна гэв.
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:
-Эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авах журмыг баталлаа. Энэ нь 2024 оны зургаадугаар сард батлагдсан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн дагуу хийгдэж буй зохицуулалт бөгөөд эмийн чанар болон үнийн өсөлтийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэж байна.
Нэг эх үүсвэрийн худалдан авалтад дараах 4 бүлгийн эм хамаарна:
- Түгээмэл хэрэглэдэг эмүүд: Артерийн даралт бууруулах эм, амоксициллин зэрэг өргөн хэрэглээний антибиотикууд.
- Нэн шаардлагатай эм, хэрэгсэл: Сэхээн амьдруулах тасгийн адреналин тариа, эрхтэн шилжүүлэн суулгасны дараа уудаг дархлаа дарангуйлах (иммуносупрессант) эмүүд.
- Өндөр зардалтай эмүүд: Хавдрын бай эмчилгээний эмүүд, чихрийн шижин хэв шинж 1-ийн инсулин тариа.
- Тасалдах эрсдэлтэй эмүүд: Уналт, таталтын эсрэг эмүүд (зах зээл бага тул хувийн компаниуд оруулж ирэх сонирхол бага байдаг).
Эдгээр эмүүдийг ДЭМБ-ын хатуу зохицуулалттай улс орнуудад (БНСУ, Япон, Сингапур, Их Британи, Швейцар, АНУ гэх мэт) бүртгэгдсэн, 3-аас дээш жил хэрэглэсэн үйлдвэрлэгчээс нь шууд бөөнөөр нь худалдан авна. Мөн НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF) зэрэг олон улсын байгууллагуудтай хамтран худалдан авалт хийснээр үнийг үлэмж хэмжээгээр бууруулах боломжтой.
Энэхүү журам хэрэгжсэнээр улсын төсөв хэмнэгдэж, эмийн чанар баталгаажиж, тасалдал бүрэн арилна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан:
-Авлигын хөрөнгийг хурааж, ард иргэдийн нийгмийн сайн сайхны төлөөх санд зориулах тухай анхдагч хуулийн төсөл болон дагалдах 14 хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэн дэмжлээ.
Хуулийн онцлог нь албан тушаалтны авлига, албан тушаалаа ашиглаж олсон хөрөнгийг хурааж, улсын төсвийн ерөнхий хөрөнгө оруулалттай холихгүйгээр зөвхөн нийгмийн сайн сайхны төлөөх төсөл, хөтөлбөр, зорилтот бүлгийн хөгжилд зориулна. Хүний өмчлөх эрх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах үүднээс хөрөнгийг зөвхөн шүүхийн шийдвэрээр хураана. Шүүхийн оролцоогүйгээр хэний ч өмчид халдахгүй. Албан тушаалтны хууль ёсны цалин орлогоос давсан, эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг нотолж чадахгүй бол прокурор, АТГ-аас төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж, иргэний шүүхийн журмаар хураан авах процессыг тодорхой болгох юм.
Өнгөрсөн хугацаанд авлига, ашиг сонирхлын хэрэгтэй холбоотой 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө, санхүүгийн эх үүсвэр тогтоогдсон боловч улсын санд ердөө 400 гаруй сая төгрөг төвлөрсөн байна. Энэ хууль батлагдсанаар эрүүгийн хэрэг нь шийдэгдсэн ч ард нь үлдсэн авлигын хөрөнгийг дахин шүүхээр оруулж, улсын орлого болгох эрх зүйн боломж бүрдэх юм. Энэ нь шударгаар бизнес эрхэлж буй иргэдийн өмчид халдахгүй бөгөөд зөвхөн албан тушаалтнуудын үндэслэлгүй хөрөнгөжилтийг хянах зорилготой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.