"Эрээнээс бараа зуучилна" гэх зараар энэ онд Монгол Улсын 25 иргэн залилуулжээ
Сүүлийн үед фэйсбүүкийн хуудас, групп, Marketplace болон WeChat ашиглан “бараа зарна”, “Эрээнээс бараа авч өгнө”, “хямд үнээр зуучилна” зэрэг зар нийтэлж, монгол хэлээр харилцах, танилын нэр барих, хуурамч сэтгэгдэл болон барааны зураг ашиглан иргэдийн итгэлийг олж, урьдчилгаа болон барааны төлбөрийг шилжүүлсний дараа холбоо таслах, залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байна.
Тодруулбал, энэ оны нэгдүгээр сараас хойш нийт 25 Монгол Улсын иргэн дээрх төрлийн цахим залилангийн гэмт хэргийн хохирогч болсон байна.
Ийм төрлийн залилан нь тухайн хуудас олон дагагчтай байх, худалдагч монгол хэлээр чөлөөтэй харилцах, эсвэл “танилын танил” гэх байдлаар өөрийгөө танилцуулах зэрэг нь тухайн этгээдийг найдвартай гэсэн баталгаа болдоггүй байна.
Иймд төлбөр шилжүүлэхээс өмнө дараах зөвлөмжийг мөрдөнө үү. Үүнд:
-Худалдагчийн бодит нэр, утасны дугаар, хаяг болон бизнесийн бүртгэлийг нягтлан шалгах
-Барааг дүрс бичлэгээр шууд үзүүлж, бодит эсэхийг баталгаажуулах
-Гуравдагч этгээдийн нэр дээрх дансанд мөнгө шилжүүлэхгүй байх
-Анхны худалдан авалтад их хэмжээний урьдчилгаа төлбөр хийхээс зайлсхийх
-Зар, чат, дансны мэдээлэл болон төлбөрийн баримтыг бүрэн хадгалах.
Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа консулын газраас цахим орчинд бараа, үйлчилгээ худалдан авахдаа сонор сэрэмжтэй байж, санхүүгийн эрсдэлээс өөрийгөө хамгаалахыг иргэдэд зөвлөлөө.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.