🔴ИЗНН: С.Зоригийн хөшөөг хөшөөг зөөвөрлөх явцад эвдрэл гэмтэл учруулсан

AI хөрвүүлсэн
🔴ИЗНН: С.Зоригийн хөшөөг хөшөөг зөөвөрлөх явцад эвдрэл гэмтэл учруулсан

Сүүлийн өдрүүдэд ардчилсан хувьсгалын удирдагч Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөг шилжүүлсэн тухай асуудал олон нийтийн цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр өрнөж байна. Нийслэлийн Засаг дарга хөшөөг зөөвөрлөх зөвшөөрөл олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын үндсэн цалинг гурван сараар 20 хувь хасах хариуцлага тооцсон ч энэ нь хангалтгүй гэж үзэн Иргэний Зориг Ногоон Намын төлөөлөл мэдэгдэл хийлээ.

ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхжаргал:

-Энэ асуудлыг ИЗНН анхааралтай ажиглаж, ямар бодлогын түвшинд, ямар арга хэмжээ авах вэ гэдгээ судалж ажиллалаа.

1990 оны ардчилсан хувьсгалын удирдагч С.Зориг гэдэг энэ агуу хүний хөшөөг хэн нэгэн байгууллага, иргэд хоорондоо албан бичиг солилцсон төдийхнөөр шилжүүлсэн асуудал үүссэн. Энэ асуудлыг зүгээр нэг шуугиад, хэвлэл мэдээллээр хандалт авах хэрэгсэл болгоод өнгөрөөж болохгүй. Энэ асуудлыг дахин давтагдуулахгүй байх үүднээс намрын чуулганаар С.Зориг агсны хөшөөг дур мэдэн хөндөхийг хязгаарласан хуулийн төслийг өргөн барина. Энэ чиглэлээр хамтран ажиллах эрдэмтэн, доктор, мэргэдийг манай нам нээлттэй урьж байна.

С.Зориг агсны хөшөө нь зүгээр нэг хөшөө биш бөгөөд Төрийн ордон руугаа харсан байдалтай байдаг нь түүний үзэл санааг шингээсэн түүхэн дурсгал. Ард түмний хөрөнгөөр боссон энэхүү хөшөөний байрлалыг өөрчлөх нь түүний үзэл санааг бүдгэрүүлэх аюултай. Нийслэлийн Засаг дарга Сүхбаатар дүүргийн Засаг даргын үндсэн цалинг гурван сараар 20 хувь хасах хариуцлага тооцсон гэж байгаа ч энэ нь хангалтгүй. Цаад процесс, газрын асуудлыг шийдвэрлэх ёстой.

Энэхүү түүхэн ногоон байгууламж, ардчиллыг санагалзан дурсдаг энэ газар руу халдахыг завдаж байгаа нь өөрөө Монголын ардчилал руу халдаж байгаагийн нэг хэлбэр. Бүх намууд С.Зориг агсны амь насаа алдсан өдөр болон төрсөн өдрөөр нь ирж хүндэтгэл үзүүлдэг. Хөшөөг өөр газар аваачиж тавихаар харууц нь өөрчлөгдөж, утга агуулга, концепц нь алдагдана. Энэ бол ардчилал руу, түүний тээж байсан үзэл санаа руу халдаж буй үйлдэл гэв. 

Мөн хөшөөг зөөвөрлөх явцад эвдрэл гэмтэл учруулсан ноцтой асуудлыг хөндлөө. Хөшөөний гарт байсан тамхи нь зөөх явцад хугарч гэмтсэн бөгөөд одоо хэн нэгэн хүн ирээд гарт нь тамхийг нь хайнга байдлаар буцааж бариулсан дүр зурагтай байна. Хөшөөний харууцыг өөрчлөх, зөөх явцад гэмтээж, тэр чигт нь орхисон нь хариуцлага тооцох ёстой асуудлын нэг юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.