🔴КОП17 бага хуралд 15,000 орчим төлөөлөгч оролцох хүлээлттэй байна

AI хөрвүүлсэн
🔴КОП17 бага хуралд 15,000 орчим төлөөлөгч оролцох хүлээлттэй байна

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (КОП17)-ын зохион байгуулалт, соёл урлаг, аялал жуулчлалын хөтөлбөр болон зочид буудлын бэлтгэл ажлын талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Эх байгалиа сэргээе, итгэл найдвараа бадраая" уриатай КОП17 хурлыг зохион байгуулахдаа Цэнхэр бүс болон Ногоон бүсэд хийгдэх соёл урлагийн болон бусад арга хэмжээнүүдийг бүрэн төлөвлөж дууссан. Хөтөлбөрүүд эцэслэгдэн бэлэн болсон бөгөөд НҮБ-ын үндсэн цахим хуудаст байршаад байна.

НҮБ-ын стандартын дагуу Цэнхэр бүсэд зохион байгуулагдах соёл урлагийн арга хэмжээг хоёр үндсэн чиглэлээр явуулна. Нэгдүгээрт, өндөр зэрэглэлийн уулзалтуудын үеэр нүүдэлчдийн зан заншил, ахуй амьдрал байгальтайгаа хэрхэн зохицон ирснийг таниулах чиглэлээр соёлын арга хэмжээг зохион байгуулна. Хоёрдугаарт, Цэнхэр бүсийн нээлт, хаалтын арга хэмжээг Монголын мэргэжлийн урлагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна. 

Харин Ногоон бүсэд иргэд, олон нийтэд нээлттэй маш олон арга хэмжээ зохион байгуулагдана. Нийт 12 өдрийн турш өдөр бүр хурал, танилцуулга, эвентээс гадна соёлын биет бус өвийг сурталчлах арга хэмжээнүүдийг төлөвлөсөн. Мөн Монголын уран бүтээлчдийн кино өдрүүд болон Өргөө гэр бүлийг танилцуулах үйл ажиллагаа явагдана.

Гаднын зочид төлөөлөгчид болон иргэдэд зориулсан соёлын олон арга хэмжээг төлөвлөжээ. Цэнхэр бүсэд ЮНЕСКО-д бүртгэлтэй соёлын өвүүдийг сурталчлах орон зайг бий болгосон. Ногоон бүсэд томоохон тайз, асар байрлуулж, мэргэжлийн урлагийн байгууллагууд болон ардын авьяастнуудын тоглолтыг 12 хоногийн турш толилуулна. Мөн Монголын үйлдвэрлэгчидтэй хамтарсан ноолуурын болон загварын шоу зэрэг томоохон эвентүүд зохион байгуулагда талаар мэдээллээ. 

Өмнөх КОП16-г КОП17-той холбох НҮБ-ын контент болох "Силк Рөүд Караван" (Тэмээн жингийн цуваа) арга хэмжээ зохион байгуулагдана. Энэхүү арга хэмжээнд оролцох олон улсын 12-13 төлөөлөгч наймдугаар сарын 8-нд Монгол Улсад хүрэлцэн ирнэ. Тэд наймдугаар сарын 8-наас 15-ны хооронд хөдөө орон нутгаар аялж, видео контент бэлтгэх бөгөөд малчдад зориулсан уулзалт, хурлуудыг хийнэ. Улмаар 8 дугаар сарын 17-нд Цэнхэр бүсийн нээлт дээр КОП16-аас КОП17 руу шилжих үйл ажиллагаатай уялдан оролцох юм.

НҮБ-аас энэ жилийг "Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил" болгон зарласантай холбогдуулан манай яам харьяа Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэнтэй хамтран Олон улсын малчдын чуулга уулзалтыг зохион байгуулна. Тус чуулга уулзалт 8 дугаар сарын 13-нд Архангай аймгийн Булган сумд зохион байгуулагдах бөгөөд энэ нь КОП17 хурлын чухал нэг хэсэг байх болно.

КОП17 хурлын зочид төлөөлөгчид болон жуулчдад зориулсан "Нүүдэлчин" соёлын фестивалийг наймдугаар сарын 21, 22, 23-ны өдрүүдэд Налайх дүүргийн Тайжийн ам хэмээх газарт зохион байгуулна. Энэ жилийн фестивалийг уур амьсгалын өөрчлөлтийн агуулгатай холбож, монголчуудын байгаль дэлхийтэйгээ харьцаж ирсэн уламжлалт арга ухаан, өв соёлыг сурталчлах концепцын дагуу зохион байгуулж байна.

Тээвэр, ложистикийн хувьд Зам тээврийн дэд хороотой хамтран ажиллаж байна. Хурлын амралтын өдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр зочид төлөөлөгчдийг фестиваль руу тээвэрлэх ажлыг бүрэн хариуцна. Төвийн зочид буудлуудаас Налайхын Тайжийн ам руу өглөөний 09:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл нэгдсэн автобус зорчихоор төлөвлөсөн байна. 

Үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)-тай хамтран 116 сургагч багшийг бэлтгэсэн байна. Мөн зочдод шууд мэдээлэл хүргэх Мэдээллийн төв (Information Center) болон Дуудлагын төв (Call Center)-ийг ажиллуулахаар төлөвлөж байгаа аж.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.