АНУ болон Ираны хооронд энхийн хэлэлцээ эхэлсэн эсэх асуудал маргаан дагуулав
АНУ болон Ираны хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох энхийн хэлэлцээрийн эргэн тойронд Вашингтон болон Техраны удирдлагууд эрс зөрүүтэй мэдэгдэл хийж, дипломат маргаан үүсгээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хоёр улсын хооронд хөшигний ард идэвхтэй яриа хэлэлцээ өрнөж байгааг баталж байгаа бол Ираны тал үүнийг эрс үгүйсгэж, ямар нэгэн шууд уулзалт төлөвлөөгүй гэдгээ мэдэгдлээ. 2026 оны наймдугаар сарын 3-ны өдөр Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ Дональд Трамп Ираны талыг хоёр нүүр гаргаж байна хэмээн буруутгаж, дипломат арга замаар асуудлыг шийдвэрлэх сүүлчийн боломжийг олгож байгаагаа анхааруулсан юм.
Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ираны эрчим хүчний дэд бүтцэд Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн хүчтэй цохилтыг өгөхөөр бэлтгэж байсан ч Саудын Араб, Катар, Арабын Нэгдсэн Эмират зэрэг Персийн булангийн холбоотон орнуудын хүсэлтээр цэргийн ажиллагааг түр зогсоосон гэдгээ мэдэгдсэн юм. АНУ-ын зүгээс Иранд тавьсан тэнгисийн цэргийн бүслэлтийг хэлэлцээр байгуулах эсвэл бүрэн бууж өгөх хүртэл цуцлахгүй бөгөөд энэ нь тус улсын хувьд сүүлчийн боломж болохыг Трамп санууллаа.
Нөгөө талд Ираны Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Эсмаил Багаи даваа гаргийн өглөө хийсэн хэвлэлийн бага хурал дээр АНУ-тай ямар нэгэн шууд хэлэлцээ хийгээгүй бөгөөд Америкийн төлөөлөгчдийг хүлээн авах эсвэл өөрсдийн төлөөлөгчдийг илгээх төлөвлөгөө байхгүй гэж мэдэгдэв. Түүний тайлбарласнаар Техраны зүгээс одоогоор зөвхөн Оман улсаар зуучлуулан худалдааны хөлөг онгоцуудын аюулгүй зорчих сувгийг нээх асуудлаар хэлэлцэж байгаа аж.
Эх сурвалж:
• cbc.ca
• ft.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.