🔴Г.Дамдинням: Машины тэгш, сондгой дугаараар шатахуун олгоно

AI хөрвүүлсэн
🔴Г.Дамдинням: Машины тэгш, сондгой дугаараар шатахуун олгоно

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг тогтворжуулах, иргэд олон нийтийг мэдээллээр тогтмол хангах, шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх үүрэг бүхий шуурхай штаб байгуулагдан ажиллаж байна.

Тус штабыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ахалж байгаа бөгөөд салбарын холбоодын удирдлагууд өнөөдөр үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням:

-Ард иргэдээ бухимдуулж, очер дараалал үүсгэсэндээ хүлцэл өчье. Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний нийт хэрэглээнийхээ 95-97 хувийг ОХУ-аас, үлдсэн хувийг БНХАУ зэрэг бусад эх үүсвэрээс импортолдог. Өнөөдөр дэлхий дахинд, ялангуяа Ормузын хоолой (дэлхийн нефтийн тээврийн 25 хувь дамждаг) орчимд үүссэн Иран-АНУ-ын зөрчил, ОХУ-Украины дайны нөхцөл байдлаас шалтгаалж бэлэн бүтээгдэхүүний туйлын хомсдол үүссэн. Дэлхийн түүхэнд байгаагүй газрын тосны хямрал болж байна. Үүнийг Энэтхэг (хэрэглээнийхээ 85 хувийг импортолдог, үүний 60 хувь нь Ормузын хоолойгоор дамждаг), БНХАУ (40 хувь нь тус хоолойноос хамааралтай), Япон, Пакистан, Европын Холбоо зэрэг улс орнууд бүгд туулж байна.

2025 оны гүйцэтгэлээр бид 2.1-2.3 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн хэрэглэсэн бол энэ оны эхний долоон сарын байдлаар хэрэглээ өндөр хэвээр байна. Үүнд уул уурхайн үйлдвэрлэл эрс өссөн нь голлон нөлөөлсөн.

Өнөөдрийн байдлаар манай улсад импортын тусгай зөвшөөрөлтэй 178 аж ахуйн нэгж, бөөний худалдааны зөвшөөрөлтэй 195 аж ахуйн нэгж, жижиглэнгийн худалдааны зөвшөөрөлтэй 193 аж ахуйн нэгж байгаа боловч олон улсын хямралт нөхцөл байдлаас шалтгаалан яг бүтээгдэхүүн олж ирж чаддаг нь 20 хүрэхгүй байна.

Манай улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ жил бүр 14 хувиар өсөж байхад хадгалах савны багтаамжийг нэмэгдүүлэх тал дээр өмнө нь бодлогын хөрөнгө оруулалт хийж байгаагүй нь өнөөдрийн хямралыг даван туулахад хүндрэл учруулж байна.

Энэ оны зургаадугаар сард манай улс 40 хоногийн нөөцтэй байсан боловч ОХУ-аас орж ирэх импорт зургаадугаар сард 17 хувиар, долоодугаар сард 40 хувиар буурсан. Бид нэгдүгээр сараас хойш бүрдүүлсэн нөөцийнхөө хүчээр 6, 7 дугаар сар болон Үндэсний их баяр наадмын урт өдрүүдийг давж гарлаа. Гэвч наадмын дараа бүсийн болон сумдын наадмууд залгаж, иргэдийн аялал зугаалга нэмэгдсэнээр долоодугаар сарын шатахууны борлуулалт аж ахуйн нэгжүүд дээр 2-3 дахин өсөж, нөөцийг шавхсан байна.

Шатахууны нөөцийг тэгш, зөв хуваарилах, ШТС-ууд дээрх зохиомол очер дарааллыг бууруулах зорилгоор энэ сарын 15-ны өдөр хүртэл Улаанбаатар хотод автомашины улсын дугаарын тэгш, сондгой тоогоор хязгаарлан шатахуун олгоно (календарийн тэгш өдөр тэгш дугаартай, сондгой өдөр сондгой дугаартай машинд). Нэг удаагийн цэнэглэлтийг 50,000 төгрөгөөр хязгаарлана. Улаанбаатар хотын хэмжээнд ШТС-ууд дээр канистр болон бусад саванд шатахуун олгохыг бүрэн хориглоно.

Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэхэд ЦЕГ болон хууль хүчний байгууллагууд хяналт тавьж ажиллана. Мөн аж ахуйн нэгжүүдэд дотоод хяналтаа сайжруулж, шатахууныг дамлан зарах, саваар их хэмжээгээр олгох зөрчлийг таслан зогсоох үүрэг өглөө. Шуурхай штаб яам дээр 24 цагаар ажиллаж, өглөө бүр нээлттэй мэдээлэл өгөх болно гэв. 

Монголын Нефть хийн үндэсний ассоциацийн тэргүүн Ц.Майдар:

-Зах зээлийн системд шилжсэнээс хойш сүүлийн 30-40 жилд ийм онцгой нөхцөл байдал үүсэж байгаагүй. ОХУ-ын дотоодын асуудал болон Ормузын хоолойн зөрчлөөс үүдэлтэй дэлхий нийтийн хямрал манайд нөлөөлж байна. Импортлогч компаниуд 4, 5, 6 дугаар сард саваа дүүргэж авсан тулдаа 7 сарын урт наадмыг тасралтгүй давсан. Одоо 7, 8 сарын захиалгууд баталгаажаад явж байна. БНХАУ, БНСУ, Сингапуртай хийх хэлэлцээрүүд үргэлжилж байна. Иргэдээсээ хүлээцтэй хандахыг хүсье. Нефть баазаас ШТС хүртэлх татан авалт замын түгжрэлээс шалтгаалж хугацаа алддаг тал бий гэв. 

Монголын газрын тосны бүтээгдэхүүн импортлогч мэргэжлийн холбооны тэргүүн н.Мөнхнаран:

-Төр засгийн дэмжлэггүйгээр импортыг нэмэгдүүлэх боломжгүй. БНСУ-ын 'GS Global'-тай энэ долоо хоногт худалдааны нөхцөлөө эцэслэн тохирно. БНХАУ-аас эхний ээлжийн хоёр мянган тонн дизель, зургаан мянган тонн Аи-92-ын ачилт хийгдэж байна гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ИРГЭН 1 сар, 2 долоо хоног
ӨӨРСДИЙНХӨӨ ХҮЧИНД ТУЛГУУРЛАХГҮЙ ГУЙЛГАЧИЛЖ ЯВСААР УЛС ОРНОО ХҮНД БАЙДАЛД ОРУУЛЧИХААД ГАДААД НӨХЦӨЛ БАЙДАЛ ГЭЖ ӨӨРСДӨӨСӨӨ ХАРИУЦЛАГЫГ ХОЛДУУЛЖ ГАДАГШАА ТҮҮХИЙН НЕФТЬ ГАРГАДГАА НЭГ Ч ҮГЭЭР ГАН ХИЙСЭНГҮЙ. ӨӨРСДӨӨ ГАРГАЖ БАЙГАА ТҮҮХИЙ НЕФТЭЭ БОЛОВСРУУЛААЧЭЭ. АРЧААГҮЙ ГАР ХӨЛ БАЙХГҮЙ ШИГ. ОГТ НЕФТЬГҮЙ ОЛОН ХҮН АМТАЙ ОРНУУД БОЛООД БАЙХАД ГУРВАН САЯ САЯГАРУЙХАН ХҮН АМТАЙ, НЕФТИЙН БАЯЛАГТАЙ ОРОН БАЙЖ УЙЛАГНААД ЯМАР ЧАДВАР МУУТАЙ ИМПОТЕНТ ЦАРИАТАЙ , БИЕ ҮНЭЛЖ ХЭДИЙ ХҮРТЭЛ АМЬ ЗУУХ ЮМ БЭ?