🔴Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
Нийслэлийн удирдлагууд Хан-Уул дүүрэгт ажиллаж, хичээлийн шинэ жил, "COP17", өвөлжилтийн бэлтгэлийг хэлэлцлээ.
Нийслэлийн удирдлагын 14 хоног тутмын шуурхай зөвлөгөөн өнөөдөр Хан-Уул дүүрэгт зохион байгуулагдаж, хичээлийн шинэ жилийн бэлтгэл, НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын зохион байгуулалт, өвөлжилт, халаалтын улирлын бэлтгэл зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцлээ.
Цаашид нийслэлийн удирдлагууд дүүрэг бүрт ажиллаж, тухайн орон нутагт тулгамдаж буй асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр болсон бөгөөд өнөөдрийн зөвлөгөөнд нийслэлийн харьяа 114 байгууллагын төлөөлөл оролцов.
Мөн өнөөдрөөс эхлэн 14 хоног тутам "Улаанбаатарын цаг" мэдээллийн цагийг зохион байгуулж, нийслэлийн үйл ажиллагаа, шийдвэр, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдэд нээлттэй мэдээлэхээр болжээ.
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хэрэгжинэ. Хичээлийн шинэ жил болон "COP17" хурлын үеэр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ныг хүртэл автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт мөрдөнө.
Тэгш өдөр – улсын дугаарын сүүлийн орон тэгш автомашин хөдөлгөөнд оролцоно.
Сондгой өдөр – улсын дугаарын сүүлийн орон сондгой автомашин хөдөлгөөнд оролцоно.
Есдүгээр сарын 1-нд хичээлийн шинэ жилийн нээлттэй холбоотойгоор дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Хязгаарлалт өдөр бүр 07:00-21:00 цагийн хооронд нийслэлийн хэмжээнд бүсчлэлгүй хэрэгжих бөгөөд уулзваруудын хяналтын камераар хяналт тавина. "COP17"-ын үеэр авах зохицуулалт Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд "COP17" хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав, Шинэ 100 айл худалдааны төвүүдийн авто зогсоолыг хааж, ойр орчмын зарим авто зам дагуух зогсоолыг түр хугацаанд ашиглуулахгүй.
Мөн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлж, богино эргэлтийн чиглэлүүдийг ажиллуулах юм. Түүнчлэн С.Зоригийн хөшөөтэй холбоотой хууль зөрчсөн үйлдлийн эзэн холбогдогчдыг тогтоон, хариуцлага тооцож эхэлснийг нийслэлийн удирдлагууд мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.