Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ

Америкийн визийн барьцааг 20 мянган доллар болгон нэмэгдүүлжээ

АНУ-ын виз мэдүүлж буй Гүрж, Киргиз, Тажикистан, Туркменистан зэрэг дэлхийн 50 улсын иргэдэд хамаарах 20 мянга хүртэлх ам.долларын байнгын визийн барьцааны хөтөлбөр наймдугаар сарын 3 буюу даваа гаргаас хэрэгжиж эхэлнэ. Энэ тухай АНУ-ын Төрийн департамент өчигдөр мэдээллээ.   

Энэ журам нь бизнесийн ба аялал жуулчлалын  B-1, B-2 ангиллын визэнд хамаарах бөгөөд тухайн тохиолдол бүрт барьцааны хэмжээг консулын ажилтан тодорхойлно. Дээрх мэдэгдэлд "Консулын ажилтан шаардлагатай гэж үзвэл цагаачлалын бус виз мэдүүлэгчээс виз олгох нөхцөл болгон 20 мянган ам.доллар хүртэлх хэмжээний барьцаа байршуулахыг шаардаж болно" гэжээ.

Хэрвээ визтэй иргэн тогтоосон хугацаанд АНУ-аас гарч явсан, эсвэл АНУ-д нэвтрэхийг түүнд татгалзсан тохиолдолд барьцааг тухайн иргэнд буцаан олгоно. Дээрх 50 улсын жагсаалтад Гүрж, Киргиз, Тажикистан, Туркменистанаас гадна Алжир, Ангол, Бангладеш, Камбож, Төв Африкийн БНУ, Монгол, Балба, Никарагуа, Тунис, Уганда, Венесуэл, Зимбабве болон Африк, Зүүн Өмнөд Ази, Латин Америкийн бусад орнууд орсон байна. Харин ОХУ жагсаалтад ороогүй ажээ.

Төрийн департаментын тайлбарт дурдсанаар, дээрх улсуудын иргэд визийн журмыг хамгийн олон удаа зөрчсөн байна.  

Өмнө нь хэрэгжсэн визийн барьцааны туршилтын хөтөлбөрийн хүрээнд консулын ажилтнууд 5-15 мянга хүртэлх ам.долларын барьцааг виз мэдүүлэгчдээс шаардаж байсан бол шинэ журмын дагуу 5 мянган ам.долларын барьцааг халж, барьцааны дээд хэмжээг 20 мянган ам.доллар болгон нэмэгдүүлжээ.

Associated Press агентлагийн мэдээлснээр, 2024 оны санхүүгийн жилд дээрх жагсаалтад багтсан улсуудын иргэд АНУ-д байх хугацаагаа хэтрүүлсэн 45.5 мянган тохиолдол бүртгэгджээ. Харин визийн барьцааны туршилтын хөтөлбөр хэрэгжсэн 10 сарын хугацаанд ердөө 50 тохиолдол гарсан байна. Үүний сацуу дээрх улсуудын иргэдэд олгосон Америкийн визийн тоо 83 хувиар буурчээ.

Визний барьцааны хөтөлбөр нь барьцаа байршуулсан визтэй иргэд визний нөхцөлийг мөрдөхөд үр дүнтэй арга хэрэгсэл болсныг Төрийн департамент онцолсон байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.