Монгол Улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээн эхэллээ
Монгол Улсын аварга шалгаруулах триатлоны тэмцээний нээлт өчигдөр болж, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ оролцон, тамирчин, дасгалжуулагч, шүүгчид болон тэмцээнийг зохион байгуулагчдад амжилт хүсэв.
Нээлтийн үеэр ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэ Монголын триатлоны спорт сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, насны ангилал, төрөл тус бүрээр тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулан, оролцогчдын хүрээ өргөжиж, тамирчдын олон улсын түвшинд өрсөлдөх чадвар тасралтгүй дээшилж байгааг онцоллоо.

Тэрбээр тус тэмцээн нь улсын аварга тамирчдыг тодруулахаас гадна олон улсын тэмцээнд эх орнооноо оролцох шилдэг тамирчдыг сонгон шалгаруулах, үндэсний шигшээ багийн нөөц, залгамж халааг бэлтгэх, “Лос Анжелес-2028” олимпын наадмын бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтойг тэмдэглэлээ.
Триатлон нь усанд сэлэлт, дугуйн спорт, гүйлт гэсэн гурван төрлийг хослуулсан, тамирчнаас тэсвэр хатуужил, сахилга бат, хурд хүч, сэтгэлзүйн бэлтгэл болон уралдааны зөв тактик шаарддаг олимпын спортын төрөл юм.
Тус спорт нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг дэмжихийн зэрэгцээ хүүхэд, залуучуудыг спортоор дамжуулан төлөвшүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Мөн тэмцээнийг зохион байгуулахад хамтран ажиллаж буй Монголын триатлоны холбоо, шүүгчид, зохион байгуулагчид, дэмжигч байгууллагууд болон сайн дурын ажилтнуудад Төрийн нарийн бичгийн дарга талархал илэрхийлэв.
Түүнчлэн нийт тамирчдад спортын ёс зүй, шударга өрсөлдөөний зарчмыг эрхэмлэн, ур чадвар, тэсвэр хатуужлаа бүрэн дайчилж, хувийн дээд амжилтаа ахиулан, үзэгч олонд өрсөлдөөний соёл, спортын тэмүүллийг харуулан амжилттай оролцохыг хүслээ.




Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.