🔴Б.Пүрэвдагва: С.Зоригийн хөшөөг хууль бусаар зөөсөн этгээдүүдийг тогтоож, өнөөдөртөө багтаан байранд нь буцааж байрлуулна

AI хөрвүүлсэн
🔴Б.Пүрэвдагва: С.Зоригийн хөшөөг хууль бусаар зөөсөн этгээдүүдийг тогтоож, өнөөдөртөө багтаан байранд нь буцааж байрлуулна

Монголын ардчиллын удирдагчдын нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг хууль бусаар нүүлгэн шилжүүлсэн асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва газар дээр нь ажиллаж, албан ёсны мэдэгдэл хийлээ.

Тэрбээр хэлэхдээ, “Энэ газар дээр, энэ буурин дээр өндөр барилга барьж байшин барих сэдлээр, бүх ард түмний хандиваар боссон Монголын ардчиллын удирдагчдын нэг, төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг 2026 оны долоодугаар сарын 31-ний шөнийн гурван цагт ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр, хууль зөрчиж, хулгайн сэдлээр зөөж тээвэрлэн нүүлгэсэн ноцтой хэрэг гарлаа. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас үүнд ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье. Нийслэл Улаанбаатар хот өмчөө хамгаалах болно” гэв.

Мөн тэрбээр С.Зориг агсны хөшөө бол Монголын ардчиллын бэлгэ тэмдэг, Монголын нэн шинэ үеийн түүхийн ой санамж, үзэл санаа, үнэт зүйл бөгөөд Монголын түүхийг худалдах, ардчиллыг өмчлөх, наймаалцах эрх хэнд ч байхгүйг санууллаа. Түүнчлэн, 1990 оны цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үеэр төрсөн хүний хувьд эрх чөлөөний мэдрэмжтэй шинэ үеийн залуучууд үнэт зүйл, үзэл санаагаа хамгаалахад хатуу зогсох болно гэдгээ илэрхийлсэн юм. С.Зориг агсны хэлсэн “Би монгол хүний саруул ухаанд итгэнэ” гэх үгийг сануулаад, ардчилсан нийгэмд өссөн хотын даргын хувьд дараах шийдвэрүүдийг гаргаж байгаагаа мэдэгдлээ.

Хотын дарга Б.Пүрэвдагва дараах гурван чиглэлээр үүрэг даалгавар өглөө:

  • Нэгдүгээрт: Өнөөдрийн дотор хулгайн сэдэлтэйгээр, зөвшөөрөлгүй нүүлгэн шилжүүлсэн Дэнзэн гуайн бүтээл болох Санжаасүрэнгийн Зоригийн хөшөөг буцааж нийтийн эзэмшлийн талбайд нь цагдаагийн хамгаалалт дор, мэргэжлийн багтайгаар байрлуулахыг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, генерал Ганбат болон Захирагчийн ажлын албаны дарга бөгөөд Ерөнхий менежер Мэндбаяр нарт үүрэг болгов.
  • Хоёрдугаарт: Соёлын өвийг нүүлгэж шилжүүлэх, тээвэрлэх журмыг зөрчсөн, мөн Зөрчлийн тухай хууль зөрчсөн этгээдүүдийг яаралтай олж тогтоон, хариуцлага тооцож, олон нийтэд мэдээлэхийг үүрэг болголоо.
  • Гуравдугаарт: Намайг хотын даргаар ажиллаж байгаа энэ цаг хугацаанд энэ газар дээр, энэ талбайд дахиж ямар нэгэн барилга байгууламж, байшин баригдахгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Цаашид нийслэл Улаанбаатар хотын түүх, соёлын үнэт өв, дурсгал, хөшөө, барилга байгууламжид хэн нэгэн дураараа гар хүрдэг, шуналын сэдлээр ханддаг нөхцөл байдлыг таслан зогсоохын тулд хууль эрх зүйн бүх орчныг бүрдүүлж үлдээнэ хэмээн хотын дарга мэдэгдлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.