🔴О.Цогтгэрэл: С.Зориг агсны хөшөөг нүүлгэх, газрыг нь зарсан гэх мэдээлэл бидэнд ирээгүй
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл С.Зориг агсны хөшөөг нүүлгэхээр болсон асуудал болон намын өмч хөрөнгөтэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж, байр сууриа илэрхийллээ.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-С.Зориг агсны хөшөөг нүүлгэх, газрыг нь зарсан гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олж мэдлээ. Намд энэ талаар ямар нэгэн албан ёсны мэдээлэл, байр суурь ирээгүй.
С.Зориг агсны дүү С.Оюун болон бусад холбогдох хүмүүстэй холбогдлоо. Энэ хөшөөний асуудал бол Монгол Улсын, Монголын ардчиллын, тэр дундаа АН-ын хувьд асар чухал зүйл. Энэ бол зөвхөн нэг хувь хүнийг дурсах төдий асуудал биш. Энэ бол Монголын ардчилсан үнэт зүйл, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн итгэл үнэмшил, итгэл найдварын том бэлгэдэл. Тиймээс хэдхэн ТББ хоорондоо тохиролцоод нүүлгэчих хэмжээний асуудал огт биш.
С.Зориг агсны хөшөө гэхээс илүүтэй түүхэн утгаараа "Зоригийн хөшөө" (Сүхбаатарын хөшөө гэдэг шиг) буюу итгэл үнэмшил, үнэт зүйлийн дурсгалт байгууламж гэж нэрлэх нь зүйтэй.
"Шинэ Дэвшилт Холбоо", "МоАХ" хоорондоо тохиролцож хөшөөг нүүлгэхээр шийдвэрлэсэн нь хууль эрх зүйн болон ёс зүйн хувьд ноцтой асуудал дагуулж байна гэв.
Тэрээр намын дарга болсноосоо хойш АН-ын өмч хөрөнгөтэй холбоотой асуудлуудыг хуулийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд энэ сарын 17-ны өдөр анхан шатны шүүх хурал товлогдсоныг энэ үеэр хэллээ.
Мөн тэрээр дараах баримтуудыг дурдлаа. Үүнд:
- Шинэ Дэвшилт Холбооны байр: 1990 оны 8 дугаар сард Ардын Депутатуудын Хурлын Гүйцэтгэх Захиргаанаас (АДХГЗ) "Монцамэ" агентлаг байрлаж байсан байрыг Шинэ Дэвшилт Холбоо болон Үндэсний Дэвшлийн Намд олгох шийдвэр гаргаж байжээ. Шинэ Дэвшилт Холбоо нь АН-ыг үүсгэн байгуулсан таван намын нэг тул энэ өмч нь зөвхөн нэг ТББ-ын өмч биш, АН-ын хамтран эзэмших ёстой өмч юм.
- МоАХ-ны байр (Ардчиллын өргөө/ордон): 1990 онд Сайд нарын зөвлөлийн тогтоолоор уг байрыг тухайн үеийн МоАХ болон Монголын Ардчилсан Намд хамтад нь олгосон шийдвэр гарсан байдаг.
Эдгээр архивын баримт материалыг цуглуулан шүүхэд хандсан бөгөөд шүүх хурал наймдугаар сарын 17-нд болно.
Мөн уг хөшөө нь төрийн өмчийн газар дээр, олон нийтийн хандив тусламжаар боссон төрийн өмчит байгууламж тул үүнийг дур мэдэн зөөвөрлөхөд нийслэл, дүүргийн удирдлагууд ямар оролцоотой байгааг тодруулах шаардлагайг онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.