Иений уналтыг зогсоохоор АНУ анх удаа зах зээлд оролцлоо
АНУ-ын Сангийн яам Японы санхүүгийн зохицуулах байгууллагуудтай хамтран иенийн ханшийн огцом уналтыг тогтворжуулах зорилгоор валютын зах зээлд шууд оролцлоо. Энэ нь 2011 оноос хойш АНУ Японы үндэсний мөнгөн тэмдэгтийг дэмжихээр хийсэн анхны хамтарсан интервенц болж байна.
АНУ-ын Сангийн яамны нэрийн өмнөөс Нью-Йоркийн Холбооны нөөцийн банк еврог зарж, иен худалдан авах ажиллагааг хэрэгжүүлсэн бөгөөд уг арилжааг "Goldman Sachs", "Morgan Stanley" зэрэг томоохон санхүүгийн байгууллагуудаар дамжуулан гүйцэтгэжээ.
Үүнээс нэг өдрийн өмнө буюу долоодугаар сарын 30-нд Япон улс ам.доллар зарж, иен худалдан авах томоохон хэмжээний интервенцийг дангаар хэрэгжүүлсэн байна. Японы Төв банкны мэдээллээр зөвхөн энэ ажиллагаанд 58.97 тэрбум ам.доллар зарцуулсан байх магадлалтай бөгөөд үүний дараа иенийн ханш ам.долларын эсрэг нэг цагийн дотор 162.80-аас 157 иен болж чангарчээ.
Японы Сангийн сайд Сацүки Катаяма интервенцийн талаар албан ёсны тайлбар өгөхөөс татгалзсан байна. Харин валютын асуудал эрхэлсэн ахлах дипломатч Ацүши Мимүра АНУ бодит дэмжлэг үзүүлж байгаа бөгөөд хоёр тал тогтмол хамтран ажиллаж байгааг онцолжээ.
Мөн АНУ-ын Сангийн сайд Скотт Бессентийн "Японы иен (JPY) 5-10 тэрбум ам.доллароор худалдаж авах" гэсэн тэмдэглэл олон нийтэд ил болсон нь зах зээлд ийм алхам хийх хүлээлтийг бий болгосон юм. Тэрбээр өмнө нь иений ханшийг хэт доогуур үнэлэгдсэн талаар байр сууриа илэрхийлж байжээ.
Иенийн ханш сүүлийн 40 жилийн хамгийн доод түвшинд хүрч, нэг ам.доллар 164 иенд ойртсон үед энэхүү хамтарсан арга хэмжээ хэрэгжив. Ханшийн уналтад АНУ, Японы бодлогын хүүгийн зөрүү, Ираны дайнаас үүдэлтэй эрчим хүчний үнийн өсөлт, мөн Японы Засгийн газрын татварын бодлогоос үүдэлтэй төсвийн тогтворгүй байдлын талаарх болгоомжлол зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.