Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ

Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны хүрээнд 301 тонн хог хаягдлыг төвлөрүүлжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний ажилд оролцож буй иргэд, байгаль хамгаалагчидтай уулзлаа.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур-Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүс дагуу их цэвэрлэгээний аяныг 2026 оны зургаадугаар сарын 22-ноос наймдугаар сарын 13-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

177a069ba38e496f92460576e732ab05

Аяны эхний үе шат зургаадугаар сарын 22-29-нд үргэлжилж, Ренчинлхүмбэ, Ханх, Хатгал, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Түнэл, Эрдэнэбулган, Цагаан-Үүр зэрэг долоон сумын 866 км газар нутгийг хамруулан цэвэрлэсэн юм.

Цэвэрлэгээнд төрийн болон төрийн бус байгууллага, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй аж ахуйн нэгж, нутгийн иргэд, сайн дурынхан зэрэг 1,000 гаруй хүн оролцож, 213 тонн хог хаягдлыг цэвэрлэн төвлөрүүлж, устгалд оруулсан байна.

Хоёрдугаар шатны цэвэрлэгээг долоодугаар сарын 25-30-нд Үндэсний их баяр наадмын үеэр аялал жуулчлалын хөдөлгөөн оргилдоо хүрсэн, аялагч жуулчид төвлөрдөг Ханх, Хатгал, Чандмань-Өндөр сумын нийт 376 км газар нутагт зохион байгуулж, нийт 88 тонн хог хаягдлыг төвлөрүүлээд байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны зохион байгуулагчид, аянд идэвхтэй оролцсон нийт иргэд, аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд талархал илэрхийллээ.

Монгол орны газрын гадаргын усны 75 орчим хувийг дангаар бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг хамгаалахад Ерөнхийлөгч онцгой анхаарал хандуулж, цогц арга хэмжээ хэрэгжүүлж байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын судалгааны олон улсын төв байгуулж, нуурын усны чанар, экосистемийн тэнцвэрийг хадгалахад тулгамдаж буй асуудал, хүчин зүйлүүдийг шинжлэх ухааны үндэслэлтэй судлан тодорхойлох ажил эхэлснийг дурдлаа.

Цаашид Хөвсгөл нуурыг тойрсон сумдын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон урт хугацааны төлөвлөгөөг судалгааны үр дүнтэй уялдуулан боловсруулж батлуулснаар газар ашиглалт, газар олголт, дэд бүтэц болон бүтээн байгуулалтын ажлын нэгдсэн төлөвлөлтийн дагуу хэрэгжүүлэх эрх зүйн үндэс бүрдэнэ гэдгийг онцоллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Хөвсгөл нуурыг хамгаалах цогц ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Тухайлбал:

  • “Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулган”-ыг 2022 оны хоёрдугаар сард зохион байгуулж, нуурын экосистемийг хамгаалах, бохирдол, доройтлыг бууруулах, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар хэлэлцэн зөвлөмж гаргав.
  • Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагааг 2021-2024 онд үе шаттай зохион байгуулж, нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргав. Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдуулахаас сэргийлсэн юм.
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болголоо.
  • Хөвсгөл нуурын ойн санг хамгаалах ажлын хүрээнд ойг арчлах, цэвэрлэх, хөнөөлт шавж хорхой, өвчнөөс хамгаалах, нөхөн сэргээх, ойжуулах зэрэг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж байна.

“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, төрийн тахилгат Хөвсгөл нуурын экосистемийн тэнцвэрийг хадгалах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, нуурын эргэн тойрны бүс нутгийн хөгжлийн төлөвлөлтийг боловсруулах асуудлыг хэлэлцэж, оновчтой санал, санаачилгуудыг нэгтгэн боловсруулж, төрийн бодлого, шийдвэрт тусгуулахаар төлөвлөж байна.

Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аяны гуравдугаар шатны ажлыг төрийн тахилгын дараа буюу дугаар сарын 3-9-ний өдрүүдэд Ханх, Хатгал сумдын нутагт зохион байгуулна.

2034227c533cceb9215e650c1d92f634

 

a3fd04a5709a258428d95c414b39bf31

 

0ca708ed28503f43d09de80c5d7395f4

 

ca97cc800196fc8098624043bc314ab2

 

27076f9bba75f5e0848af9653e9c36df

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.