Apple компанийн хувьцааны ханш ирэх улирлын төлөвөөс шалтгаалан уналаа
Apple компани 2026 оны долоодугаар сарын 30-нд санхүүгийн гуравдугаар улирлын тайлангаа танилцуулж, орлого болон ашиг нь шинжээчдийн таамгийг давсан хэдий ч ирэх улирлын борлуулалтын төлөв хүлээлтэд хүрээгүйгээс шалтгаалан хувьцааны ханш нь арилжааны дараах цагаар 6-7 хувиар унажээ
Нийлүүлэлтийн сүлжээний хүндрэл, эд ангиудын хомсдол болон санах ойн чипний үнийн өсөлт зэрэг нь ирэх есдүгээр сард дуусах дөрөвдүгээр улирлын борлуулалтын төлөвлөгөөг бууруулахад голлон нөлөөлсөн байна.
Apple компанийн Санхүү хариуцсан захирал Кеван Парех ирэх дөрөвдүгээр улирлын орлогын өсөлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9-11 хувь байна гэж таамагласан нь Уолл Стритийн шинжээчдийн хүлээж байсан 12 хувийн өсөлт буюу 114.9 тэрбум ам.долларт хүрсэнгүй. Түүнчлэн ухаалаг гар утасны борлуулалт 17.6 хувиар өснө гэж шинжээчид таамаглаж байсан ч компанийн зүгээс iPhone-ий орлогын өсөлтийг 15 орчим хувьтай байна хэмээн төсөөлжээ. Санах ойн өртөг дараалан өссөний улмаас нийт ашгийн хэмжээ 47-оос 48 хувь болж буурах төлөвтэй байгаа бөгөөд гадаад валютын ханшийн зөрүү орлогын өсөлтийг 2.5 хувиар хязгаарлах сөрөг нөлөө үзүүлэхээр байна.\
Гуравдугаар улиралд Mac болон iPhone загваруудын эрэлт төсөөлж байснаас давсан тул дэвшилтэт хагас дамжуулагч чипний үйлдвэрлэлийн хомсдол үүссэн байна. Үүнээс гадна дэлхий даяар хиймэл оюун ухааны дата төвүүдийн бүтээн байгуулалт эрчимжсэнээр DRAM болон NAND санах ойн үнэ түүхэн дээд хэмжээндээ хүрч өссөн нь компанийн ашгийн хэмжээнд шууд дарамт учруулжээ.
Одоогоор Apple компани өндөр зэрэглэлийн DRAM санах ой нийлүүлдэг Samsung, SK Hynix, Micron гэсэн гуравхан компаниас хамааралтай байгаа бөгөөд дөрөвдүгээр нийлүүлэгчээр Хятадын CXMT компанийг ашиглах зөвшөөрөл авахаар АНУ-ын засаг захиргаанд хандаад байна.
Эх сурвалж:
• ft.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.