БЗС-гийн Д.Гардид холбогдох хэргийн шүүх хурлыг товложээ

БЗС-гийн Д.Гардид холбогдох хэргийн шүүх хурлыг товложээ

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан Д.Гардид холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Чанцалням долоодугаар сарын 2-ны пүрэв гаргийн 09.00 цагт хэлэлцэхээр товложээ.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн түүнд холбогдох хэргийг 2022 оны наймдугаар сараас шалгаж, өнгөрсөн тавдугаар сард яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлсэн юм. Мөрдөн шалгах ажиллагаа удааширсан шалтгаан нь гадаадаас зарим шаардлагатай нотлох баримт гаргуулан авах ёстойгоос шалтгаалсан аж.

Д.Гардид Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн өнгөрсөн долоо хоногт шүүхэд шилжүүлснийг эх сурвалжууд мэдээлэв.

Д.Гарди 2022 оны дөрвөөс зургаадугаар сард өөртөө багагүй хэмжээний урамшуулал болон нэмэгдэл олгох тушаал гаргаж, уг мөнгийг авсан. ОХУ-ын Гадаад харилцааны яамны Дипломатын академид 2014-2016 онд магистр, докторын хөтөлбөрт БЗС-гийн зээлээр суралцаад 2022 оны гуравдугаар сарын 14-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар 32 мянган ам.долларын зээлээ чөлөөлүүлэх тушаал гаргуулж, улмаар барьцаа хөрөнгөө ч суллуулсан үндэслэлээр хэрэг нээн шалгаж эхэлсэн билээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Гардийн тушаалаар нэр бүхий зээлдэгчдэд 87.7 мянган ам.долларыг шилжүүлсний зэрэгцээ нийт 796.6 сая төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгох шийдвэр гаргаж өөртөө давуу байдал бий болгосон нь тодорхой болсон гэдэг.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.