Уэльсийн гүнж Кэтрин Их Британийн хамгийн өндөр гурван оргилд 24 цагийн дотор авирав
Уэльсийн гүнж, 44 настай Кэтрин Их Британийн хамгийн хүнд сорилтуудын нэг болох "Үндэсний гурван оргилын сорилт"-ыг 24 цагийн дотор амжилттай туулж, Хааны гэр бүлийн гишүүдээс уг амжилтыг үзүүлсэн анхны хүн болжээ.
Тэрээр 2026 оны зургаадугаар сарын 27-28-ны өдөр хүртэлх хугацаанд нууцаар авиралтаа хийж гүйцэтгэсэн бөгөөд энэхүү сорилтыг өөрийн эмчлүүлж байсан Лондон хотын хавдрын эмнэлгийг дэмждэг "The Royal Marsden Cancer Charity" санд хандив цуглуулах, олон нийтийн анхаарлыг хандуулах зорилгоор зохион байгуулжээ.
Энэхүү сорилтын хүрээнд гүнж Их Британийн бүрэлдэхүүн гурван улсын хамгийн өндөр оргилууд болох Шотландын Бен Невис (1345 метр), Английн Скафелл Пайк (978 метр), Уэльсийн Сноудон буюу Эр Уидфа (1085 метр) ууланд дараалан авирсан байна. Тэрээр нийт 37км замыг явганаар туулж, 3064 метрийн өндөрт өгсжээ. Оргилуудын хооронд Кенсингтоны ордны багийнхан түүнийг машинаар 462 миль газар тээвэрлэсэн бөгөөд гүнж уулын авиралтыг ганцаараа хийж, замд нь орон нутгийн Уулын аврах багийнхан дэмжлэг үзүүлсэн байна.
Кэтрин гүнж 2024 оны эхээр хорт хавдартай гэж оношлогдон Челси дэх төрөлжсөн эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан бөгөөд 2025 оны нэгдүгээр сард өвчин нь илааршсан болохыг зарласан юм. Тэрээр нөхөр, хунтайж Уильямын хамт 2025 онд тус буяны сангийн хамтарсан ивээн тэтгэгчээр томилогдож байжээ.

Гүнж зургаадугаар сарын 28-ны өдөр нийгмийн сүлжээгээр хуваалцсан дүрс бичлэг болон мэдэгдэлдээ "оношоо сонссоны дараа амьдралыг ухаарч ойлгох, эргүүлээд тус дэм болох" зорилгоор энэхүү сорилтыг сонгосон гэдгээ тайлбарласан байна. Мөн тэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна бие махбод, сэтгэл санаа, оюун бодол, нийгмийн сайн сайхан байдалд чиглэсэн цогц эрүүл мэндийн тусламж чухал болохыг онцолжээ.
Авиралтын явцад олон сонирхолтой үйл явдал тохиолдсоны нэг нь гүнж Бен Невис ууланд авирч байхдаа хүнд өвчтэй хүүхдүүдэд тусалдаг "Molly Olly's Wishes" санд хандив цуглуулахаар явж байсан, тэргэнцэртэй 11 настай Тед хүүтэй уулзсан явдал байв.
Кэтрин гүнж уулзалтын дараа хүүгийн хандив цуглуулах хуудсанд өөрийн хувийн гарын үсэг болох "Catherine Wales" ("C") гэж гарын үсэг зуран хувийн зүгээс хандив өргөжээ. Энэхүү үйл явдлын ачаар Тед хүүгийн аян олон нийтийн анхаарлыг татаж, анх төлөвлөж байсан 5000 фунт стерлингийн зорилтоо богино хугацаанд даван биелүүлсэн байна.
Уэльсийн Сноудон уулын бэлд авиралтаа амжилттай дуусгах үед түүнийг нөхөр хунтайж Уильям, хүүхдүүд болох Жорж, Шарлотт, Луи нар болон түүний эцэг эх Кэрол, Майкл Миддлтон, ах Жеймс Миддлтон нар нь угтан авч баяр хүргэжээ. Энэхүү түүхэн авиралт нь хааны гэр бүлийн гишүүний тэсвэр хатуужлыг харуулаад зогсохгүй, хорт хавдартай тэмцэж буй олон мянган хүнд итгэл үндэс, урам зориг өгсөн, эрүүл мэндийн цогц тусламжийн ач холбогдлыг олон нийтэд таниулсан чухал алхам боллоо.
Эх сурвалж:
• kesq.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.